”ҮЗХ-ны хурал энэ сарын 10-даар болох байх”

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

”ҮЗХ-ны хурал энэ сарын 10-даар болох байх”

Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржийг “Ярилцах танхим”-ын зочноор урилаа.



-Ардчилсан намын Үн­дэс­ний зөвлөлдөх хо­роо энэ са­рын сүүлээр ху­­ралдана гэх хүлээлт бай­сан. Намын зарим ги­шүүн бас ийм байр суурь илэрхийлсэн. Гэ­тэл АН-ынхан одоо арваннэгдүгээр сар дуусч байхад хугацаагаа тов­лоогүй л байна. Яагаад ингэж хойшлоод бай­гаа юм бол?

-Дүрмийн дагуу намын дарга л Үндэсний зөвлөлдөх хороо­ны хурал хэзээ боло­хыг товлодог. Одоогоор Н.Ал­тан­хуяг дарга тодорхой хугацаа зарлаагүй байгаа болохоор энэ асуудал хойшлоод байх шиг байна.

-Гэхдээ ойролцоогоор тов­лосон хугацаа байгаа болов уу?

-Ардчилсан намын Үндэс­ний зөвлөлдөх хорооны хурал арванхоёрдугаар сарын 10-даар  болох болов уу. Би тэгж бодож байна.

-Сүүлийн үед танай на­мын дар­гыг солих асуудал хүчтэй яриг­дах болсон. Үндэсний зөв­лөлдөх хороо­ны хурлын үеэр энэ асуудал яригдах уу?

-Намын даргыг солих тухай асуудлыг хэвлэл, мэдээл­лийн хэрэгслээр л сүүлийн үед хамгийн их мэдээлж байгаа. “Н.Алтанхуяг намын дарга хэвээрээ байх уу” гэх мэтээр. Түүнээс биш Ардчилсан нам дотор гишүүд  хоорондоо энэ тухай яриа нэг их гаргаагүй. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газар ямар түвшинд ажиллаж байна вэ гэдэг нь чухал. Тийм учраас Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэх ёстой эхний асуудал бол хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэх явдал. Ардын намтай 2008 онд байгуулсан гэрээ хэр хэрэгжиж байна вэ гэх мэт. Энэ долоо хоногт УИХ-аар Сонгуулийн тухай хууль батлагдчих байх. Үүнтэй холбоотойгоор намын дүрэм, журамд ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг мэдээж энэ үеэр бас ярина. Сонгууль дөхөж байгаа энэ үед иймэрхүү асуудлаа цэгцлэх шаардлагатай байна.

-Н.Алтанхуяг даргын рейтинг нэлээд сул байгаа. Тухайлбал, Сон­ги­нохайрхан дүүргээс сонгогд­сон гишүүдтэй харьцуу­лахад хамгийн тааруухан рейтингтэй бай­гаа гэх. Ийм байхад түүнээр удир­дуулсан Ардчилсан нам ирэх оны сонгуульд амжилттай оролцож чадах уу. Энэ нь намын нэр хүндэд нө­лөөлөх болов уу?

-Би манайхны хийсэн социологийн судалгаанд огт итгэдэггүй. Гарсан үр дүн, дүгнэлтээс нь болж тэгж бай­гаа юм биш. Харин судалгаа хийсэн байгууллагууд нь итгэл даах газар биш. Тэд “Шилдэг улстөрч” гээд л баахан жагсаалт гаргачихдаг. Ардчилал өндөр хөгжсөн барууны орнуудад хэдэн хүн дунд хийсэн судалгаа вэ гэдгээсээ үл хамаараад дүн нь ойролцоо гардаг. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн рейтинг нь ерөнхийдөө ижил түвшинд байх ба ялимгүй зөрүүтэйгээрээ л ялгардаг. Гэтэл манайд бол их түвэгтэй. Тухайлбал, телевизээр нэг судалгаа явууллаа гэхэд аль хүн нь хэдэн санал авч байгааг нарийвчилж харуулдаггүй. Социологийн судалгаа хийсэн байгууллага нь яаж, ямар хүрээнд судалгаа хийж, үр дүнг яаж тооцож гаргасан бэ гэдгээ огт мэдээлдэггүй. Тийм учраас итгэх арга алга. Харин намын Үндэсний зөвлөл­дөх хороо, нийслэл, дүүргийн хурал дээр удирдах түвшний, аль эсвэл эрх мэдэл бүхий сонгуульт гишүүд дундаас авсан нууц санал хураалт ч юм уу, тиймэрхүү үзүүлэлт илүү бодитой байдаг. 

-Ирэх сонгуульд Н.Алтанхуяг даргаар удирдуулсан Ардчилсан нам амжилттай оролцож чадах уу. Та юу гэж бодож байна вэ?

-Нам бол үзэл бодлоороо нэгдсэн олон хүний бүрэлдэхүүнтэй асар том бүлэг. Энэ хүмүүс нийлж суу­гаад айл гэр болж тоглож бай­гаа юм биш. Улс орны эрхийг ат­ган өөрсдийн үзэл баримтлалыг хэрэг­жүүлж, эх орноо өөд татаж авч явах зорилгоор намыг байгуулдаг. Тэ­гэхээр намын гишүүд хуралдаж, аль хүн нь намаа удирдаж явж ча­дах вэ гэдгийг шийднэ. Өөрөөр хэлбэл, олонхийн шийдвэр яаж га­рах вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Мэ­дээж цөөнхийн саналыг хүндэт­гэж үзнэ. Тийм учраас одоо би ирэх сонгуулиар “Ингэнэ, тэгнэ” гэх мэ­тээр далдыг хардаг хүн шиг хэлж чадахгүй байна. Ардчилсан намын Үн­дэсний зөвлөлдөх хороо ямар шийдвэр гаргана, түүнээс л эцсийн үр дүн харагдана.

-Х.Баттулга сайд нэгэн ярилц­лагадаа “Нам ийм даргатай байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу” гэх мэ­тээр ярьсан байсан. Тэгэхээр Ард­чилсан нам дотор хэдийнэ хагарал үүсээд эхэлчихсэн юм биш үү?

-Энэ бол хагарал биш. Манай нам хагардгаа хагараад дуусчихсан. Тухайн үед салж тусгаарлах бодолтой хүмүүс байсан бол одоо тэд хэдийнэ намаасаа гараад явчихсан. Хам­гийн сүүлд М.Энхсайхан тэргүү­тэй хэсэг хүн намаас гарснаас хойш хагаралдах тухай яриа намжсан гэж ойлгож болно. Тиймээс Ардчил­сан нам дотор одоо яригдаж бай­гаа асуудлыг хагарал гэж үзэх нь оновчгүй. Харин үүнээс илүү үзэл бодлын уралдаан гэж хэлбэл зүгээр байх. Манай намын үзэл баримтлал, концепцид барууны намуудын хэв шинжийг хадгалах тухай асуудлыг тусгаад өгчихсөн байгаа. Энэ утгаараа намын үзэл баримтлалыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр гишүүн бүр байр сууриа илэрхийлэх ёстой. Энэ бүхнийг гаргаж ирэхийн тулд арга, тактик боловсруулах тал дээр хэзээд өрсөлдөөн байсаар ирсэн. Үүнийг хагарал гэж ойлгож болохгүй. Нам дотроо жаахан асуудал ярилцаад эхлэхээр тэр нь хагарал болчихдоггүй.

-Гэхдээ энэ нь намыг хагаралтай байгаа юм шиг харагдуулдаг шүү дээ. Үүнээс болж ард иргэдийн итгэлийг алдах вий гэдгээс олон хүн болгоомжилдог?

-Ардын намынхан л үүнээс болгоомжилж байгаа. Сая Бага хурлаа тогтсон сценарийн дагуу явууллаа шүү дээ, тэд. Хурал дээр нь хүн үг ч хэлж чадахаа больчихож. Гишүүд нь чуулганы танхимд “Хамтарсан Засгийн газрыг огцруулъя” гэж хэлж чадаж байсан хэрнээ намынхаа бага хурал дээр ус балгачихсан юм шиг дуугүй сууцгааж байна. Тэд иймэрхүү байдлаар амаа үдүүлчихэж байх жишээтэй. Урд индэр дээр гарч үг хэлсэн хүнийг бүгд сонсож, бүгд түүнд зориулж чанга алга ташаад л. Яах вэ, тэд намынхаа нэр хүндийг унагаах вий гэж болгоомжилж байгаа байх. Магадгүй нам нь хагаралтай байгаа юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлэх вий гэдгээс айж байгаа. Уг нь үүнийг зөв, буруу алин болохыг чөлөөтэй мэдээлдэг байсан бол хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлэх байсан. Гэхдээ ардчиллын хамгийн гол зарчим бол олонхийн шийдвэрийг дагах. Масс нь шийдвэрээ гаргалаа л бол цөөнх нь түүнийг дагана. Гэтэл цөөнх нь байр сууриа илэрхийлсний төлөө нам нь хагарчихлаа гэж дүгнэж болохгүй. Коммунист нийгэмд 99 хувийн дэмжлэг авсан гэх нэрийн дор асуудлыг шийдчихэж болдог байхад ардчилсан нийгэмд ийм юм байдаггүй.

-Сонгууль ойртож байна. Үүнд бэлтгэж Нийслэлийн Ардчилсан нам юу хийж байна вэ?

-Нийслэлийн Иргэдийн төлөө­лөгчдийн хуралд нэр дэвших хүмүү­сийн татварыг тогтоосон. “Нэр дэвшинэ” гэдгээ мэдэгдсэн хүн бүр 20 сая төгрөг өгөх ёстой. Түүнээс эх­ний ээлжинд тав, таван сая төг­рөгийг арваннэгдүгээр сарын 10-нд тушаасан байгаа.

-Сонгуульд нэр дэвших хүмүүсийн дэнчингийн мөнгийг дүүргүүд дээр ямархуу байдлаар тогтоочихоод байгаа юм бол?

-Энэ асуудлыг дүүргийн Ардчил­сан намынхан нь мэдэх байх. Ха­рилцан адилгүй, янз бүр байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт хүмүүсээс дөрвөн сая төгрөг авахаар тогтсон байсан. Орон нутагт мөн адил. Тухайн аймгийн Ардчилсан нам нь асуудлыг шийдэж байгаа.

-Нийслэлд хэдэн хүн нэр дэвшихээр болсон бэ?

-Нийт 45 суудлын төлөө 82 хүн нэр дэвшихээр болчихоод байна. Дүрмээр бол намын дээд шатны сонгуульт гишүүн доод шатандаа нэр дэвших эрхтэй. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн бол УИХ, нийслэл, дүүрэг, аймагт, харин нийслэлийн Ардчилсан намын гишүүн бол дүүрэг, аймагт нэр дэвших боломжтой. Тийм учраас нэлээд олон хүн өрсөлдөж байгаа юм. Гишүүд хоёр дахь таван сая төгрөгөө ирэх нэгдүгээр сарын 10-нд тушаана. Түүнчлэн нийслэлийн есөн дүүрэгт “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Хаалтын ажиллагааг арванхоёрдугаар сарын 9-нд хийнэ. Нийслэл, дүүргийн идэвхтнүүдийн зөвлөлгөөнийг зо­хион байгуулж, 1000  орчим хүн орол­цуулахаар төлөвлөөд байгаа. Энэ мэтээр сонгуульд чиглэсэн ажлуудыг хийж байна. Харин он гарсны дараа сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхэлнэ.

-Ардчилсан намаас сүүлийн үед “Эдийн засгийн хувьсгал” цув­рал лекц тавих болсон. Энэ бол сонгууль ойртож байгаатай хол­боо­тойгоор хийж буй ажлуудын нэг байх. Уг нь аль 2008 онд л энэ тухай ярьж байсан шүү дээ. Тухайн үед “Үйлдвэржилтийн хувьсгал” гэх мэтээр ярьж байсан. Түүнийгээ одоо болтол ярьсаар л?

-Ардчилсан нам 2008 онд сон­гуульд оролцохдоо эдийн зас­гийн хувьсгалын тухай ярьж эхэлсэн нь үнэн. Тухайн үед “Үйлдвэржилтийн хувьсгал”-ыг сонгуульд ялсныхаа дараа хэрэгжүүлэх ажлын төлөв­лөгөөнд тусгаад өгчихсөн байсан. Энэ бол хүмүүсийг ажил төрөлтэй, орлоготой байлгах зорилготой тө­лөвлөгөө. Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багт­саны ачаар Сайншандын цогцолбор, төмөр замын салбарт гарах өөрчлөлт зэрэг томоохон төслүүд хэрэгжих боломжийг эхний удаад бүрдүүлж өгсөн. Хэдийгээр хэрэгжилт нь удаан байгаа ч энэ олон ажлыг эхлүүлсэн нь өөрөө маш их ач холбогдолтой юм.

-Тэгэхээр “Үйлдвэржилтийн хувьсгал” эхэлчихсэн гэсэн үг үү?

-Тийм. Одоо үүнийг хурдхан хэрэгжүүлчих юм бол олон хүн ажил, орлоготой болно шүү дээ. Эхэлнэ гэдэг том амжилт. Цаашид ч хийж бүтээх зүйл олон байна.

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд зарим хүн нэлээд шүүмжлэлтэй хандах болсон. Тэр дунд Ардчилсан намын гишүүд ч цөөнгүй байна?

-Монгол ардын нам, Ардчилсан намын аль, алиных нь гишүүд дунд хамтарсан Засгийн газрыг байгуулагдсан цагаас нь хойш шүүмжилсээр ирсэн хүмүүс бий. Тэд “хамтарсан” гэх нэрийн дор болохгүй, бүтэхгүй зүйл хэтэрхий олон байгааг үнэнээр нь шүүмжилж байгааг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, цаана нь олон асуудал байж болно. Энэ бол тэдний бодол. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хүн бүхэнд бий. Түүнээс биш намын ерөнхий байр суурины үүднээс бол хамтарсан Засгийн газар сайн ажиллаагүй гэж дүгнэсэн юм бол алга.

-Та юу гэж бодож байна вэ. Хамтарсан Засгийн газар өнгөрсөн хугацаанд сайн ажиллаж чадав уу. Үйлдвэржилтийн хувьсгалыг эхлүүлчихсэн юм чинь сайн ажилласан гэсэн үг үү?

-Уг нь өнгөрсөн хугацаанд хам­тар­сан Засгийн газар илүү их зүйлийг хийж чадах байсан. Ялан­гуяа манай намаас санаачилсан “Үйлд­вэр­жилтийн хувьсгал” эхлэх хөрс, суурийг тавьчихсан хэрнээ цааш нь үргэлжлүүлэх боломжийг нээж өгөөгүй. Үүн дээр суурилж хийх ёстой олон ажлыг цалгардуулсан. Гэтэл хийх боломж, цаг хугацаа ч байсан шүү дээ.

-Ардчилсан нам сөрөг хүчний байр сууриа хадгалж үлдэхийн тулд ээлжит сонгууль болохын өм­нө хамтарсан Засгийн газрын бү­рэлдэхүүнээс гарна гэж зарим хүн таамаглаж байгаа. Магадгүй энэ тухай удахгүй болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр ярилцах уу?

-Энэ тухай одоо хэлэхэд эрт байна. Намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ямар шийдвэр гарах вэ гэдгийг л харах хэрэгтэй байх.

-Ер нь Ардчилсан нам Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсаныхаа хүчинд амжилттай ажиллаж чадав уу?

-Энэ Засгийн газрын хийсэн өнгөтэй, өөдтэй ажлуудыг Ардчилсан намаас сайд болж сонгогдсон хүмүүс л гаргасан. Би үүнийг баттай хэлж чадна. Тэд байгаагүй бол Засгийн газрын үйл ажиллагаа өдий зэрэгтэй яваа ч уу, үгүй ч үү. Бас л хэлж мэдэхгүй байна. Үүнийг гаргасан шийдвэр, хийсэн ажлаас нь тодорхой харж болно.

-Ардчилсан намаас иргэдийн дунд ямар нэг судалгаа хийсэн үү. Намын нэр хүнд ямархуу байгаа тухай сонирхсон уу?

-Одоогоор иймэрхүү судалгаа хий­гээгүй байгаа. Юу ч гэсэн эхлээд Сонгуулийн тухай хуулийн ши­нэчилсэн найруулгын төсөл бат­лагдахыг хүлээх хэрэгтэй. Тоглоомын ямар дүрэмтэй байхаа мэдчихээд да­раа нь түүндээ тохируулж судалгаа, тандалтаа хийнэ. Гэхдээ он гарахаас өмнө ямар нэгэн судалгаа хийх нь то­дорхой. Тиймээс тэр үед нь энэ тухай ярих нь зөв байх.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж