Гамшгийн аюулыг зарлан мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Гамшгийн аюулыг зарлан мэдээлнэ

Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газартай холбогдох хэд, хэдэн томоохон журмыг батлан гаргасан байна. Тухайлбал, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам батлах тухай, Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам батлах тухай зэрэг багтжээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газрын дарга Р.Батмэндээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Энэ өдрийн хуралдаанаар хэд хэдэн журмыг хэлэлцэн баталжээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Дээрх журмуудыг нэлээд хугацааны турш боловсруулж байж, сая баталлаа. Хот сууринд газар хөдлөлт болох зэрэг байгалийн онц аюултай үзэгдэл болсон нөхцөлд хүн амыг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж буй юм.

Мөн хөдөөд ган, зуд зэрэг байгалийн онц аюултай үзэгдэл болж гамшгийн хэмжээнд хүрсэн нөхцөлд хүн, малыг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажиллагааг энэхүү журмаар нарийвчлан зааж өгсөн. Хун амд учирч болзошгүй гамшгийн аюулын тухай дохио сэрэмжлүүлэх мэдээллийг төвлөрсөн зарлан мэдээллийн хэрэгсэл, тусгай хэрэглээний холбоо, орон нутгийн болон олон нийийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн (үүрэн телефоны холбооны сүлжээ, цахим мэдээллийн сүлжээ ч энд багтана) хэрэгсэл ашиглан нэн даруй хүргэж байх юм.

Ингэхдээ гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл гэсэн хоёр ангилалтай байхаар журамд тусгасан.

-"Гамшгийн аюулын тухай дохио" гэдгээ тодруулна уу?

-Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас үүссэн гамшгийн хохирлыг бууруулж, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор бий болсон нөхцөл байдлыг зарлан мэдээллийн хэрэгслээр богино хугацаанд оновчтой хэлбэрээр мэдээлэх явдал юм. Харин сэрэмжлүүлэх мэдээлэл гэдэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт, мэдээллийн үндсэн дээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор урьдчилан мэдээлэхийг хэлж буй. Ингэхдээ зарлан мэдээллийг бүх нийтийн болон хэсэгчилсэн гэж ангилсан.

-Хуралдаанаар "Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-ыг баталсан. Энэ талаар?

-Тухайн газар нутагт техникийн холбогдолтой осол, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис алдагдсанаас хүн ам, мал, амьтан амьдрах орчингүй болсон үед гамшгаас хамгаалах дайчилгаа зарлах юм.

Мөн хүн ам, мал, амьтны болон олон улсын хөл хориот халдварт өвчин үүссэн, голомтын зэргэлдээ орших суурин газрын хүн ам, мал, амьтныг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авах үед, үер буусан болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал үүсэхэд дайчилгаа зарлахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн ой, хээрийн болон объектын түймэр гарч байгаль экологи, хот, суурин газрын хүн ам, эд хөрөнгө, барилга байгууламжид аюул учирсан болон бусад тохиолдолд дайчилгаа зарлахаар журамд тусгасан.

Мөн гамшгаас хамгаалах дайчилгаанд гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, мэргэжлийн анги болон сайн дурынхан хамрагдах юм. Өөрөөр хэлбэл, шат шатны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэртээ дайчилгаа зарлах бөгөөд үүнд мэргэжлийн байгууллагаас гадна цэргийн алба дүйцүүлэн хааж байгаа иргэд, хөдөлмөр эрхлээгүй иргэд, тэдгээрийн техник хэрэгсэл ч хамрагдана.

Түүнчлэн зэвсэгт хүчин, дотоодын цэрэг зэрэг тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хүч, хэрэгслийг татан оролцуулах болбол хуулийн дагуу Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид санал тавьж шийдвэрлүүлж байх зэргийг журамд тусгасан байна. Мөн гамшгийн голомтоос болон учирч болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг зохион байгуулалттайгаар аюулгүй орчинд шилжүүлэн байрлуулахыг тусгасан "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам"-ыг баталлаа.

О.Сэлэнгэ
“Нийгмийн толь” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж