“Энагура”-гийн охид лигийн хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“Энагура”-гийн охид лигийн хошой аварга боллоо

Монголын волейболын холбооны үндэсний лигийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээний шийдвэрлэх тоглолтууд өчигдөр болж, энэ жилийн лигийн аваргууд тодорлоо.

МВХ-ноос “Витафит” компанитай хамтран “Гоё кап-2011” нэрээр зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн багийн тамирчид өрсөлдсөн. Улмаар аваргын төлөө эрэгтэйчүүдээс өнгөрсөн жилийн аварга “Буянт-Ухаа” болон “Харх”, харин эмэгтэйчүүдээс “Энагура” ба “ДЦС-4” багууд өрсөлдсөн юм. Харин хүрэл медалийн төлөө эрэгтэй “Сүлд” ба “Уурхайчин”, эмэгтэй “Уурхайчин” ба “Тэнүүн Огоо” багууд тоглов.

Багууд гурван тойргийн тоглолт хийж, финалын шатанд өрсөлдөх багууд тодорсон бөгөөд шигшээ тоглолтууд энэ сарын 23-нд эхэлсэн юм. Харин өчигдөр болсон нийт дөрвөн тоглолтоос медалийн эзэд тодорлоо.
 
Эрэгтэйүүдийн төрөлд өнгөрсөн жилийн аварга “Буянт-Ухаа” баг өчигдөр “Харх” багийг 3:1 харьцаатай буулган авснаар аваргын төлөөх цуврал тоглолтын нийлбэрээр 3-1 харьцаагаар тэргүүлж, аварга цолоо хамгаалсан. Харин хүрэл медалийг “Сүлд” баг хүртэв.

Эмэгтэйчүүдийн төрөлд аваргын цом булаалдаж байсан “Энагура” болон өнгөрсөн жилийн аварга “ДЦС-4” багийн дөрөв дэх тоглолт 3:1 харьцаатай “Энагура”-гийн ялалтаар өндөрлөж, тэд волейболын үндэсний лигт хоёр дахь түрүүгээ авсан юм. Харин хүрэл медалийн төлөө өрсөлдсөн “Тэнүүн Огоо” болон “Уурхайчин” багийн цувралын харьцаа 3-1 болсноор “Уурхайчин” баг медалийн тавцанд гарах боломжтой болов.

МВХ-ны үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын ажиллагаа маргааш Спортын төв ордны А зааланд болох бөгөөд энэ үеэр эрэгтэй бүх оддын тоглолт болох ажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж