ХАА салбарын төлөөлөгчид Австрали улсад айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

ХАА салбарын төлөөлөгчид Австрали улсад айлчлав

Австралийн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн туршлагатай танилцахаар УИХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл тэргүүтэй Монголын хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид арваннэгдүгээр сарын 28-30-нд Австралид танилцах айлчлал хийв.

Айлчлалын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Австралийн Хөдөө аж ахуй, загас агнуур, ойн яам (ХААЗАОЯ) хооронд энэ оны 2 дугаар сард байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу яамд хоорондын хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг Канберра хотноо зохион байгуулав. Хамтарсан хорооны анхдугаар хуралдаанд  манай төлөөлөгчдийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Энх-Амгалан, айлын төлөөлөгчдийг ХААЗАОЯ-ны Хоёр талын худалдаа, зах зээлийн газрын дарга хатагтай Пола Сваркас нар тус тус тэргүүлэн оролцов.

Монгол Улс, Австралийн хооронд үхэр, хонины гүн хөлдөөсөн үр, хөврөл харилцан солилцох тухай Протоколд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, Австралийн Мал эмнэлгийн албаны дарга Марк Шийп нар гарын үсэг зурав.

Уулзалтаар хоёр тал хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлуудаар тодорхой санал солилцлоо. Талууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлж, Австралийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг Монголд нийлүүлэхээр тохиролцов.

Ноос, ноолуурын бирж Монголд байгуулахад хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг манай тал хүсч, төслөө ойрын хугацаанд айлын талд өгөхөөр болов. Ирэх оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжих Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эл биржийг байгуулахад Австралийн оновчтой туршлага, технологийн дэмжлэг чухал юм. Түүнчлэн Австралийн үхэр, хонины махыг экспортод гаргахад хэрэглэдэг маркетинг, стратегийн талаарх туршлагаасаа монголын талтай хуваалцахаар боллоо. Хоёр тал хамтарсан хорооны дараагийн хуралдааныг Монголд хийхээр тохиролцов.

Манай төлөөлөгчид Шинэ Өмнөд Уэльс мужид байрладаг Австралийн Ноосны бирж болон Үр тарианы худалдааны холбооны үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Элчин сайдын яам
Канберра хот

2011 оны 11 дүгээр сарын 30

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж