Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жан Поль Дюманыг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга, Элчин сайд Жан Поль Дюманыг Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд хүчин чармайлт гарган ажилласныг үнэлээд, энэ хугацаанд парламент хоорондын харилцаа өндөр түвшинд хүрснийг тэмдэглэв. Мөн тэрбээр, БНФУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар Франц Улсад хийсэн айлчлал ихээхэн ач холбогдолтой болсныг онцолж, БНФУ-ын Үндэсний Ассамблей, Сенатын Ерөнхийлөгч нарын Монгол Улсад хийх айлчлалыг дахин нотолж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн Элчин сайдын хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тавьсан суурь цаашид улам өргөжин гүнзгийрнэ гэж үзэж буйгаа дуулгаад, ноён Жан Поль Дюманыг Монгол-Францын харилцааг сайн мэддэг, туршлагатай димпломатч хүний хувьд Монгол Улсыг цаашид дэмжиж, сурталчилж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, түүнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Монгол Улсад Элчин сайдаар ажилласан хугацаанд хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж байгаад УИХ-ын даргад талархаж буйгаа Элчин сайд Жан Поль Дюман илэрхийлээд, монголын ард түмэн миний хувьд сайн найз нөхөд болсон. Үүрэгт ажил маань дуусгавар болж нутаг буцах болсондоо бяцхан гунигтай байна. Миний хувьд дипломат албаа өгөөд чөлөөнд гарч байгаа ч ажлын үе маань Монгол Улсад дуусгавар болж байгаад баяртай байгаа. Энэ хугацаанд төр, засгийн удирдлагуудтай хамтарч ажиллахад нааштай, харилцахад хялбар байсанд сэтгэл нэн өндөр байна. Франц Улсын Үндэсний Ассамблей, Сенатын Ерөнхийлөгч нарын Монгол Улсад хийх айлчлалыг хэвээр байгаа гэдгийг эх орондоо очоод уламжлах болно. 2012 онд Францад парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль болно. Монгол Улсын хувьд парламентын сонгууль амжилттай болоосой гэж чин сэтгэлээсээ ерөөж байна.Монгол Улс ардчиллын үлгэр жишээ орон гэдгийг Европын гишүүн орнуудын Элчин сайдууд хэлж байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Хоёр орны хамтын ажиллагаа нэг алхам урагшилж, Францын томоохон хөрөнгө оруулагч компаниуд монголд ажиллах сонирхолтой байна. Тухайлбал, Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлгийн санхүүгийн гэрээ хэлэлцээр хийгдэхээр дээд түвшинд ярилаж байна. Мөн Францын томоохон компани 5-р цахилгаан станц барихад оролцохоор болсон гээд шинэ шинэ олон ажлууд хүлээж байна. Хувь хүний хувьд Монгол Улсын хөгжлийг цаашид ч харж ажиглаж, хэрэгтэй үед тусалж дэмжих болно гэлээ. Уулзалтад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж