“Би Зөвлөлт Оросыг үргэлж үзэн яддаг”

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

“Би Зөвлөлт Оросыг үргэлж үзэн яддаг”

Иосиф Сталины охин Светлана Аллилуева 86 насандаа АНУ-д таалал төгссөн тухай мэдээ арваннэгдүгээр сарын 29-нд дэлхий даяар тархав. Зөвлөлтийн домогт удирдагчийн охин сүүлийн жилүүдэд эдгэшгүй өвчинтэй тэмцэж иржээ. Светлана Аллилуева арваннэгдүгээр сарын 22-нд Висконсин мужийн Ричленд хотноо нас барсан бөгөөд мужийн эрх баригчид энэ тухай даваа гаригт  мэдээлжээ. АНУ-д Лана Петерс нэрээр алдартай тэрбээр ходоодны хорт хавдарт нэрвэгдсэн байлаа.

“Сталины охин” гэж дуудагдах нь “Тутанхамоны охин” гэдэгтэй адилхан сонсогдох мэт. Светлана Зөвлөлтийн түүхэнд нэлээд дуулиан тарьсан эцгийгээ ХХ зууны хамгийн аймшигт дарангуйлагч гэж нэрлэсэн хүн. Зургаан настайдаа эхийг алдсан. Өөрөө гурван хүүхэд төрүүлсэн ба тэдэнтэйгээ огт харьцдаггүй нэгэн байв. Энэ эмэгтэй их Оросын эцэгтэй зөрөлдөж чадах цорын ганц хүн  байсан болов уу.

Светлана Аллилуева Лана Питерс нэрээр Америкт амьдарч байсан. Бидний ойлголтоор бол тэтгэвэрийн хөгшин, оросуудын үздэгээр нэлээд чинээлэг. Америкчуудынхаар зүгээр л улсаар тэжээлгэж буй хүн байв. Тэрээр сайхан хүүхэн байв. Хэдийгээр нас өндөр болсон ч ихэмсэг донжтой харагдаж байлаа. Хамгийн сүүлд тэрээр Оросын Нэгдүгээр сувгийн сурвалжлагч нартай уулзахыг зөвшөөрч, тэд “Светлана” гэсэн нэртэй уран сайхны баримтат хоёр анги кино хийснээ өнгөрсөн аравдугаар 6-7 нд уг суваг үзүүлсэн билээ.  Түүхийн зарим хэсгээс танилцуулахад:

Зөвхөн англиар

Тэвчээр. Светлана Аллилуеватай уулзаж байгаа зочдын хувьд энэ үг л гол. АНУ-ын Висконсин мужийн ахмадуудын асрамжийн газрын эмэгтэй нэлээд ээдрээтэй зантай. Шинэ кино нь түүн­тэй хийсэн том ярилцлагаас хөвөрнө. Светлана Аллилуева уурлана, учаарлана, инээнэ, уйлна… Амьд хүн юм чинь. “Косыгин гэнэ ээ? Үхсэн гэж найдахаас. Үхсэн үү? Тэр диваажинд очоогүй нь тодорхой” гэх мэтээр нэлээд хатуу ярина.

Киног бүтээгчид энэ төсөлдөө он дарааллын баримтат мэдээлэл, үйл явдлыг уран сайхны хэлбэрт оруулжээ. Гэхдээ гол нь Сталины охины амьд яриа байв.

-Та нар азтай байна. Би ярилцлага өгөхөөр зөвшөөрлөө. Би бол ярилцлага өгдөггүй гэж Светлана Иосифовна хэлэв. -Сэтгүүлчид  дандаа л өөрсдийнхөө зүй­лийг нэмж байдаг. Хаяг хадна. Би түүнийг хүсэхгүй. Та нар намайг Светлана гэж нэрлэсэн учраас л би ярилцлагаа өгч байна. Дээр нь бас та нар их залуухан юм байна.

Хамгийн эхнээсээ тэр зөвхөн англиар ярина гэлээ. Гэхдээ нэг хэлнээс нөгөөдөө хальтрах нь их байлаа.

-Би Америкийн харьяалалтай болоод 30 жил болж байна. Тэгээд ч оросоор ярихыг хүсэхгүй байна. Би цаг ямагт Оросыг, Зөвлөлт Оросыг үзэн ядаж ирсэн юм. Хичнээн яриад ч нэмэргүй, би хэзээ ч Орост эргэн очихгүй. Би Оросын уугуул ч биш.

“Ээж маань ааваас салахыг хүсч байв”


Светлана Аллилуева 1926 оны хоёрдугаар сарын 28-нд Ленинград хотод төржээ. Түүний эх нь 1932 онд амиа егүүтгэсэн. Удирдагчийн эхнэр түүний зүгээс гарах бүдүүлэг загналт, доромжлолыг тэвчиж чадаагүй гэсэн хувилбартай түүхчид санал нэг байдаг.

-Миний ээж орос хүн биш. Герман эмэгтэй, цыганы эрлийз хоёрын охин юм. Дээр нь их ухаантай эмэгтэй байжээ. Тэгээд ч их сэтгэлийн хөдөлгөөнтэй байсан. Ээж өөрийгөө буудсаны дараа эцэг түүнийг нь урвалт гэж үзсэн юм. Тэрээ аз жаргалгүй байв уу гэвэл тэгж болохгүй. Түүнийг аз жаргалгүй байсан гэдэг нь ёстой худал. Хүссэн бүгдээ авч болох байлаа. Эцэг түүнд бүхнийг өгч чадах байсан. Манай гэр орон үргэлж хүнээр дүүрэн байсан, үйлчлэгч, асрагч, багш нар байсан… Тэрээр Аж үйлдвэрийн академид суралцаж эхлээд жилийн дараа эцгээс салахаар шийдсэн байлаа. Үүнийг бүгд л мэддэг байсан! Тэрээр академиа төгсөөд ажил хийх сонирхолтой. Эх маань феминист хүн байсан. Ажил олох, салах талаар л бодож байв.

-Яагаад?

-Тэрээр бие даасан байхыг хүссэн. Тэр үед чинь бүгд л бие даасан байх хүсэлтэй байлаа шүү дээ. Оросын феминизмын эхэн үе нь ийм л байв.

“Намайг хайрласан гээд таван жилийн лагерь”


Эхийнхээ үхлийн дараа үнэн хэрэг­тээ Светлана өнчин үлдсэн. Эцэг нь хүүхдүүдтэйгээ бага уулзана.

 -Би ямар нэгэн нууцыг мэдэхгүй. Миний эцэг гэр бүлдээ улсын хэрэг явдлыг нялзаадаггүй, хангалттай ухаан­тай хүн байлаа. Эхийн үхлийн дараа бол бүр үгүй. Тэр бүх эмэгтэйчүүдийг урван шарвагч гэж үздэг болсон.

-Эхнэрийгээ урвагч гэж үздэг байсан хэрэг үү?

-Мэдээж, тэгэлгүй яахав.

/Светлана англи хэлэнд ус цас. Тэрээр гадаадын хэвлэлээс эхийнхээ үхлийн талаар үнэнийг мэдэж авсан гэдэг. Албан ёсоор мухар олгой хагарснаас болж эх нь нас барсан гэж тайлбарладаг байлаа. Дайны үеэр Светаг Кубышев хотод нүүлгэжээ. Тэнд анхны хайртай учирсан. Анхны хайр кино найруулагч, зохиолч Алексей Каплер нь түүнээс 20 насаар ах./

-Тэр Оросын нэртэй кинопродюсер, зохиолч. Түүнийг бүгд мэднэ. Бүх Холбоотын Киноны дээд сургуульд багшилж, хувьсгалын тухай кино хийж байсан юм. Бид зүгээр л найз нар байсан. Орост гэрлэлтийн өмнөх секс гэсэн ойлголт байдаггүй шүү дээ. Кино, театр, Третьяковын галерейгаар орно… гээд Светлана Иосифовна хуучлав.

Алексей фронт явж, байлдааны талбараас сурвалжлага бичиж байлаа. Нэгэн сонинд “Сталинградаас дэслэгч Л-ийн бичсэн захидал” нэртэй материал нийтлэгджээ. Каплер Светланад хайраа илчилсэн байлаа. Кремльд нь үүнийг шууд ойлгож, Алексейн хувьд дайн дуусав. Түүнийг  Английн тагнуул хэмээн лагерьт илгээж, Светланагийн анхны хайр төгсчээ.

Светлана эцэгтээ хорсдог

-Миний ах Яков дайны үеэр олзлогдоод нас барсан юм. Василий надаас тав ах, ааваас учиргүй айна. Түүнийг байхад бүлх залгисан мэт. Би л харин зүгээр хүүхэд нь байсан…
Светлана Аллилуева хэл судлалын факультетад суралцахыг хүсч байв.

-Та бичих хүсэлтэй байсан юм уу?

-Тийм ээ.

-Тэгээд л хэл бичгийн факультетад оржээ. Харин яагаад дараа нь түүхийн факультатад суралцсан юм бэ?

-Факультетаа өөрчлөхийг эцэг шаардсан. Сургуульд орсноо түүнд хэлэхэд “Уран зохил оо? Зохиолч болно гэнэ ээ?” гээд л асуулаа. Тэгээд л түүхийн ангид оруулсан юм. Гэтэл 17 настайдаа түүхэнд дурлах хүн байдаггүй шүү дээ…Зөвлөлтөд их сургууль төгссөний  дараа чамайг заавал нэг тийшээ томилно. Би түүхийн багш болох ёстой байдаг. Би тэр хичээлийг хичнээн их үзэн ядаж байв аа!

-Та түүнд нь уурлаж байна уу?

-Би аймшигтайгаар хорсч байна!

“Нөхөр маань 10 хүүхэдтэй болохыг хүсч байлаа”

Дайны үеэр Светлана нэг ангийн Григорий Морозовтай гэрлэжээ. Хүү төрүүлэв. Хүү Иосиф Григорьевич Аллилуев нь одоо Москвад кардиолог /зүрхний эмчээр/ ажилладаг. Тэр гэр бүл хүүхэд ахуй цагаа дуртайяа ярина. Гэхдээ ээжтэйгээ олон жил уулзаагүй, холбоо тасарчээ. Сталин энэ гэрлэлтийг эсэргүүцэж байсан юм.

-Би их сургуулиа төгсгөмөөр байсан. Харин нөхөр маань 10 хүүхэдтэй болохыг хүсдэг. Жирэмснээс хамгаалах зүйл хэрэглэдэггүй. Би дөрвөн удаа үр хөндүүлсэн, нэг удаа зулбасан. Би  хүндээр өвчилж тэгээд л түүнээс салсан юм. Миний хоёр дахь нөхөр бол Жданов (намын ТХ-ны нарийн бичгийн дарга Андрей Ждановын хүү). Тэр бол эцгийн минь сонголт. Тэгээд л бид шууд гэрлэсэн. Бид өмнө нь ганц ч удаа болзоогүй.

Тэдний охин Екатерина Жданова одоо Камчатскт амьдардаг. Светлана хамаатан садныхаа талаар ярилцахаас эрс татгалзсан юм.

-Би энэ гэрлэлтийг хүсээгүй гэдгээ мэднэ. Екатерина төрсний дараа бид шууд л салсан юм. Эцэг маш дургүй байсан. Гэхдээ тэр үед намайг өөрт нь таалагдаагүй зүйлийг ямагт хийнэ гэдгийг тэр ойлгож байсан.

“Тэр нас бараад, би зугтсан”


Сталины үхлийн дараа Светла­нагийн хувийн эд хогшлийг хураан би­түүм­жилжээ. Эхний ээлжид ба­римт бич­гүүдийг нь. Тэдний хэсгээс хувилбарыг нь буцаасан байв. Светлана овгоо Аллилуева болгон өөрчиллөө. Түүнд Засгийн газар нь нэн ялангуяа хамт суралцаж байсан Никита Хрущев сайн хандаж иржээ. “Дулаарлын” гэх жилүүдэд тэрбээр Москвад ажиллан амьдарч, эмчлүүлж байсан энэтхэг Раж Бриж Сингхийн хамтран амьдрагч эхнэр нь  болжээ. Удалгүй Сингх нас барав. Ямар ч хамаагүй шалтгаанаар Зөвлөлтөөс гараагүй байсан Светлана нөхрийнхөө чандрыг эх оронд нь хийсгэхээр Энэтхэгт очив. Дараа нь гурван сар өнгөрөөд АНУ-ын Элчин сайдын яаманд очин АНУ-д очих хүсэлтээ гаргажээ…

-Зугтан дүрвэгсэд гэсэн нэр томьёо 1960-аад онд гарч ирсэн юм. Би ч урвагч гэж тэднийг нэрлэдэг түүхийг муугүй мэднэ. Тэгээд л тэдэн шиг болохоор шийдсэн юм. Дели дэх АНУ-ын Элчин сайдын яам манай гэрийн зэргэлдээ байлаа.
 
Сталины охин ЗХУ-аас зугтлаа!  гэдэг нь дэлхийн хамгийн сонирхолтой мэдээ болсон билээ. Оросын хэвлэл нь Светлана Аллилуевад Энэтхэгийн виз олгосон, тэр санаснаараа л гадаадад байж болно гэсэн ТАСС ядмагхан мэдээллээр хариу бариад өнгөрлөө. Энэтхэгээс Светланаг шууд АНУ-д оруулсангүй, эхлээд консулаараа дагалдуулаад түүнийг Швейцарьт илгээв. Орост түүнийг үр хүүхдээ хаяад явсан муухай эмэгтэй гэж цуурч байлаа.

-Миний хүү, гэрлэсэн охин маань математикийн фукультетад элссэн байсан. Тэд өлгийтэй байгаагүй юм. Нас бие гүйцсэн хүмүүс. Америкт бол ийм насанд хувийн амьдралаа зохиогоод явдаг. Ээж нар нь тэдний амьдралд онцын үүрэггүй  байдаг л даа.

Хожим Светлана Америкт очиж дахиад нөхөрт гарч уран барилгач Пирестэй гэрлэв. Лана нэрийг тэр өөрөө авчээ. Тэд Ольга гэсэн охинтой. Охин нь одоо Америкийн жижигхэн хотод хүнсний дэлгүүрийн худалдагч хийдэг. Эх нь охиноо бараг дурсдаггүй, холбооч  барьдаггүй…

-Анхны харцаар л дурласан даа. Гэтэл Питерсийн амьдралыг эгч нь удирдана. Эгч нь намайг Сталины охин болохоор баян, хэд хэдэн саятай гэж боддог байж. Тэгээд надад тэр нь байхгүйг мэдээд биднийг салгахаар бүхнийг  хийсэн.

“Надад хус зүүдлэгддэг”

Светлана нөхрөөсөө салаад охин­тойгоо Лондон руу явжээ. Мөнгөгүй учир Светлана охинтой амьдрахад хүндхэн байжээ. Тэр хүүхдүүддээ захидал бичин хаяг, утасны дугаараа үлдээнэ. Гэтэл захидлууд нь хаягаараа хүрч байсангүй. Нэгэн удаа Иосиф утасны дугаартай ил захидал авч Лондонд утасджээ… Хожим Светлана ярихдаа түүнийг зохион байгуулсан гэдгийг таамаглах ёстой байсан гэж ойлгосон аж. Тэр үеэр Лондон руу ярих нь зүгээр л боломжгүй байсан гэнэ. Хүүгийнхээ дууг сонсоод Светлана охиныхоо хамт Орост эргэж очихоор шийджээ.

-Охиноосоо болоод л би буцсан. Бидний мөнгө дууслаа. Тэнд боловсрол үнэгүй.
 
Светланад шууд байр олгож, тэтгэвэр тогтоож, жолоочтой машин гаргаж өгөв. Мэдээж мөрдөн мөшгөж, хяналт тогтоожээ.

-Биднийг ирэнгүүд Америкийн пас­портыг хураав. Юу хийхийг зааж эхлэв. Биднийг ёстой солиотнууд хүрээлсэн юм. Тархитай нэг ч хүн байсангүй! Горбачев тэр үед гарч ирээгүй байлаа…

Москва Светланад таалагдсангүй. Тэр Гүржид очиж байгаад дахиад л АНУ-д иржээ… Хүүхдүүдээсээ холбоо­гоо таслав. Удалгүй охин Ольга нь тус­даа амьдрах болсон юм. Ольга оросоор огт ярьдаггүй. Киног зохиогчид “Комсомольская правда” сонины сай­таас түүний зээ охин Викагийн зур­гийг харуулсан байна. Светлана түүнд уярсангүй, учаарлаж байгаа янзтай.

-Дахиад л “Сталины охин” гээд бичих юм. Энд Сталин ямар хамаатай байна аа?!

Энэ эмэгтэй хүүхдүүддээ, эх орон­доо гомджээ.

-Би хус харахаар уйлж унжаад байхаа больсон. Харин эвкалипт модод, Хар далай бол огт өөр хэрэг. Тэр нь миний ганц санагалзах зүйлүүд юм аа…

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж