Төв аймагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төлөвлөгөөний дагуу энэ оны аравдугаар сард зохион байгуулагдсан хяналт шалгалтанд сургуулийн өмнөх боловсролын 40 байгууллага, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дөрвөн төв хамрагдсан ба хяналт шалгалтыг хийхдээ хяналтын хуудсыг ашиглан эрсдлийн үнэлгээг тогтоосон байна. Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар эрсдлийн үнэлгээг тогтоохдоо тус аймгийн Баянчандмань, Баянцогт, Борнуур, Цээл, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Жаргалант, зуунмод сумдын 15 цэцэрлэг бага эрсдлийн үнэлгээтэй, Баяндэлгэр, Баян, Бүрэн сумдын цэцэрлэгүүд нь их эрсдэлтэй үнэлгээтэйгээр дүгнэгдсэн байна. Хяналт шалгалтын явцад Аргалант, Жаргалант, Зуунмод сумын Ирээдүй цэцэрлэгийн Б байр, Дэгдээхэй цэцэрлэгийн Б байр, Заамар шижир алтны цэцэрлэгүүд зориулалтын байргүй, нийт цэцэрлэгийн 70 хувь нь тоглоом наадгайн хүрэлцээ, хангамж муу байжээ. Бүрэн, Заамар сумын Хайлааст багийн цэцэрлэгүүд нь гэрт болон вагончигт байрлан сургалтын үйл ажиллагааг явуулахдаа анги хүүхдийн тоог нормоос хэтрүүлэн авч хүүхдийн сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлын хангаагүй, Зуунмод Угтаалцайдам сумдын цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдээс хууль бус төлбөр хураамж авч, ангидаа эд хогшил худалдан авсан зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.
Г.Хишигсүрэн