Ирэх оны төсвөө баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Ирэх оны төсвөө баталлаа

Сар гаруйн хугацаанд Сангийн яам, Монголбанк, чуулган, байнгын хороодын гишүүдийн гар дамжин явсаар өчигдөр батлагдлаа. Угаас арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлахгүй бол УИХ тарах хүртэл хариуцлагатай тул гишүүд унтах нойроо хугаслан байж арайхийн амжиж. Жил бүрийн сүүлчийн өдөрт баталдаг уламжлал мөн л давтагдав. Авууштай нь шөнө дөл хүргэлгүй үдээс хойшдоо баталсан нь юм. Мөн сайшаалтай нь төсвийн хэлэлцүүлэг үргэлжлэх тусам төсөвт суусан илүү зардал танагдсаар байсан тухай байв. Улсын төсөв батлагдахад дөрвөн удаагийн хэлэлцүүлэгт орсон байх хуультай. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр зардал хасагдаж, орлогыг нэмэгдүүлэхээр нэлээдгүй хүчин чармайлт гаргажээ. Шалгалт авах өдрүүдийг оюутнууд ухаарлын долоо хоног гэдэгтэй адил төсөв батлах ёстой сүүлчийн өдрүүд гишүүдийн хувьд ухаарал, гэмшлийн өдрүүд ийн үргэлжилсэн байна.

2011.10.26 ны өдөр. 15.00 цаг ЭХНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

УИХ-ын нэгдсэн чуулган ээлжит бусаар хуралдаж 2012 оны Монгол Улсын төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Энд ирэх оны төсвийн анхны хувилбар орж ирсэн байв. Ерөнхий сайдын хэлснээр, ирэх онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 6.4 сая төгрөг буюу 5362 ам.долларт хүргэхээр төлөвлөсөн аж. 2012 онд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.4 их наяд төгрөг байхаар Засгийн газар тооцжээ.

Монгол Улсын хувьд бол ДНБ 2012 онд 18 их наяд төгрөгт хүрэх тооцоог хийсэн байна. Үүний хоёр их наяд орчмыг нь хөрсөн доорх баялгаасаа буюу ашигт малтмалын салбараас бүрдүүлэх аж. Харин үлдсэнийг бусад салбараас олохоор төлөвлөж.  Төсвийн гол тоог гаргавал, Монгол Улс ирэх жил 6.4 их наяд төгрөгийн орлого олж, 7.1 их наяд төгрөгийн зарлага гаргах гэнэ.  Энэ үеэр Сангийн сайд С.Баярцогт зэсийн үнийг 6600 доллараар тооцож төсөвт суулгаснаа “дэлхийн зах зээл дээр голлох байр суурь эзэлдэг Чили улс 7100 ам.доллараар тогтоосон, үүний дэргэд манай томъёолол маш сайн” хэмээн тайлбарлаж байв.

Сонгуулийн жилийнх гэдгээрээ, мөн Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгах сүүлчийн төсөв гэдгээрээ ирэх оны төсөв ийнхүү Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн том төсөв болохоор байв. 

Эдийн засгийн бодит өсөлтийг 25.6 хувьтай байхаар төсөөлж, инфляцийг нэг оронтой тоонд барих зорилтыг Засгийн газар барьж буйгаа танилцуулсны дараагаар гишүүдээс гарсан саналууд нь өөр өөрсдийн тойрогт нь шийдвэрлэх ёстой асуудлыг нэмж оруулах боломжтой эсэх тухай байлаа. Дор бүрнээ асуудал тавьж “төсөвт суулгахгүй бол болохгүй” гэцгээж байх үеэр “ийм төсөвтэйгөөр инфляцийг нэг оронтой тоонд барьж дийлэх үү” гэх асуулт дарагдан, чуулганы танхим шуугиан ихтэй байлаа.

2011.11.25 ны 23.50 минут  ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

УИХ дахь МАН-ын болоод АН-ын бүлгийн гишүүд ирэх оны төсвийг танах шийдвэр гаргажээ. Үнэндээ гаргахаас аргагүйд хүрчээ. Төсвийн анхны хэлэлцүүлгийн дараагаар Монголбанк, Дэлхийн банк, Олон Улсын валютын сангаас анхааруулга, мэдэгдлүүд цуврах болов. 6.4 их наяд төгрөгийн орлого олж, 7.1 их наяд төгрөгийн зарлага гаргана гэсэн төсөв байж болохгүй. Зарлагаа бууруулахгүй бол, бүр нэг их наядаас илүү танахгүйгээр ирэх онд эдийн засгийг авч явж чадахгүй шүү гэж.

Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлээд эдийн засгаа дампууруулах уу, эдийн засгаа бодоод төсвөө танах уу гэх сонголт гишүүдэд тулгарав. МАН-ын хувьд төсвийн зарлагыг 1,2 их наяд орчмоор бууруулах боломжтой,  АН-ын бүлэг мөн л эдийн засгийн халалтыг багасгах, ДНБ-ийг 16,1 хувьд хүргэх, төсвийн зарлагыг 600 тэрбумаар бууруулах, төсвийн алдагдлыг 4,1-3 хувь бууруулах, инфляцийг хөөрөгдөхгүйгээр цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг санал гаргаснаа байнгын хороонд танилцуулав.

Ингээд чуулганы хурал­даанд төсөв нэлээд хасагдсан байдлаар орж ирлээ. Нэгдсэн төсвийн нийт орлогыг 6,352,1 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 35,3, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 7,093,0 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 39.4 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцлийн алдагдлыг 740,9 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий -4,1 хувь болохоор тооцсон байна. Мөн Монгол Улсын 2012 оны төсвийн урсгал зарлага 3,273.1 тэрбум төгрөгт төлөвлөгдсөнөөр 2011 оны төлөвлөгөөнөөс 1,321,2 тэрбум төгрөгөөр буюу 59,6 хувиар нэмэгдэх, нэгдсэн төсвийн нийт урсгал зарлагын хэмжээг 2012 онд 4,637.0 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.

Алдагдлыг бууруулахын тулд өмнө тооцож оруулсан зарим тооцооллыг ахиулжээ. Засгийн газар ирэх оны төсөвтөө дэлхийн зах зээл дэх нэг унци алтны үнийг 1723.7 ам.доллар, зэсийн үнийг 6663.5 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийг 166.58 ам.доллар байхаар тооцож тусгажээ. Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн үеэр С.Баярцогт сайд Чилийн жишээг татан байж зэсийн үнийг тооцсоноо тайлбарлаж байсан. Харин хоёр дахь хэлэлцүүлэгт зэсийн үнийг 66 ам.доллараар ахиулан тооцсон байна.  

2011.11.29 ний 17 цаг 33 минут ГУРАВДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Үндсэндээ УИХ-ын чуул­ганаар төсвийн хэлэлцүүлгийг “ёсчлох” болсон бөгөөд чуулганаас өмнөх байнгын хороо, бүлгийн хуралдаанаас гол шийдвэрүүд гарч байв. Чуулган дээр бүхэлд нь хэлэлцэх санал гарч дэмжлэг хүлээснээр хуралдаан ч шуурхай болж байв. 

Чуулганаар Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж дуусган дөрөвдүгээр хэлэлцүүлэгт шил­жүүл­лээ. Сангийн сай­дын тайлбарласнаар УИХ дахь намын бүлгүүдээс байгуулагд­сан ажлын хэсгүүд 2012 оны нэгдсэн төсвийн төсөл дээр ажилласнаар 2012 оны улсын нэгдсэн төсвийн орлогыг 5,8 их наяд, зарлагыг 6,3 их наяд төгрөг буюу 1.2 их наяд төгрөгөөр төсвийг танасан тухай хэлэлцүүлгийн шатанд онцоллоо.

2011.11.30-ний өдөр. ДӨРӨВДҮГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг бүхэлд нь баталъя гэсэн саналаар санал хураалт явуулахад 55 гишүүн хуралдаанд оролцсоноос 52 гишүүн зөвшөөрч 94.5 хувийн саналаар хуулийг батлав.

Монгол Улсын 2012 оны нэгд­сэн төсвийн тэнцвэр­жүүл­сэн орлого 5.822 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 6.306 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувь болсны дээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 483.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий гурван хувь байхаар ийнхүү шийдвэрлэлээ. Ингэснээр гуравдугаар хэлэлцүүлгээр танагдсан 1,2 их наядаас ч тодорхой хувиар ахисан гэсэн үг юм. Шинэ контор барихыг болиулж, тэвчиж болох машин унаа, тоног төхөөрөмжтэй холбоотой зардлуудыг 50 хувиар бууруулж, 2013 оноос эхлээд эргэн төлөгдөхтэй холбоотой том хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь Хөгжлийн банкин дээр тавиж санхүүжүүлэхээр болсон гээд л, хэдий эсэргүүцэлтэй тулж байгаа ч цалингийн нэмэгдлийг хойшлуулан,  хасаж болох зардлаа танасны үр дүнг ийн гаргалаа.

УИХ-ын дарга хуралдааны төгсгөлд “төсөв ийнхүү батлагдсанаар  өргөн баригдсан төсвийн төслөөс Монгол Улсын 2012 оны төсвийн алдагдал 4 хувиас 1 хувь болтол буурсан үзүүлэлттэйгээр батлагдаж байгаа” хэмээн мэдэгдсэнээр хуралдаан өндөрлөлөө.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж