Дархан-Уул аймгийн Хараагүйчүүдийн нийгэмлэгийн салбар зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрхийн хамгаалах өдрийн хүрээнд 19-35 насны бүрэн хараагүй болон харах чадвараа 70 хувиас дээш алдсан харааны бэрхшээлтэй иргэдээ өчигдөр хүлээн авсан байна. Тэдэнд өөрсдийн эрх, халамжийн бодлого, хуулийн талаар мэдээлэл думтаг аж. Тиймээс эрхийн өдрийн хүрээнд салбар зөвлөлийнхөн Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга В.Норовсамбууд урилга өгч, хараагүйчүүдийн нийгэмлэгийн залуучуудад хуулийн зөвлөгөө өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан ч зөвшөөрсөн хэрнээ энэ өдөр тэдний үйл ажиллагаанд ирээгүй бөгөөд өөрийн хэлтсийн мэргэжилтнүүдээ ч явуулсангүй. Дарханы зарим дарга нар энэ мэтээр иргэний нийгмийн үйл ажиллагааг үл ойшоодог явдал олон тохиолддог аж. Тус нийгэмлэгийнхэн цагаан таягтны өдрөөрөө мөн л Дархан сумын Засаг даргыг урьсан ч ирээгүй гэнэ. Тэд “дарга нар иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхээ болих хэрэгтэй. Иргэдийн төлөөлөл юу ярьж, юу хүсч байгааг нэг удаа сонсоосой. Халамж гэж гар хумхин, юм гуйж суухгүй, залуу хүн учраас хөдөлмөрлөх хүсэл их байна” хэмээв.
У.Гэгээ