Өнгөрч
буй онд дэлхийн хэвлэл мэдээлийн дуранд төдийлөн өртөөгүй ч ирэх жилд
гол сэдэв болох магадлал өндөр үйл явдал ба хандлагуудыг та бүхэнд
АНУ-ын “Foreign Policy” сэтгүүл танилцуулж байна. Тэмээ устаж байгаа,
Ази цэрэгжиж, бараг бүх Төв Америкийг эзэлсэн Мексикийн хар тамхины дайн
энэ бүгд тэр үйл явдлуудын цөөхөн хэсэг нь.
Английн араб судлаач Сент-Жон Филби (St. John Philby) нас барахынхаа өмнөхөн 1960 онд Арабын хойгоос тэмээ 30 жилийн дараа алга болно гэж дүгнэсэн байв. Түүнийг тухайн үедээ доогтойгоор хүлээн авч байсан билээ. Гэтэл өнөөдөр хэт орчин цагийн Саудын Араб тэмээг импортоор авахаа улам нэмэгдүүлж байна. Ийм өөрчлөлт нь үл мэдэгдэх нөлөөгөөрөө дэлхийн тэмээний тоо толгойд сөргөөр нөлөөлж байна.
Саудын вант улсад махны чиглэлийн тэмээний тоо толгой 1997 онд 426000 байснаа өнөөдөр 260000 мянга болон буурчээ. Өөрөөр хэлбэл, 39 хувь буурсан гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) илтгэлдээ тэмдэглэсэн байна. Жил тутмын хажын ёслолоор хэдэн мянган тэмээг төхөөрдөг нь импортын хэрэглээний өсөлтийн гол шалтгаан болж байна.
Гэтэл одоо тэмээ хаанаас авах вэ? Тухайн цагтаа тэмээний тоо Пакистанд асар их байв. Харин өнөөдөр 700000 тэмээтэй болсон. Ийнхүү цөөрөх болсны шалтгаан нь Саудын Араб ба Персийн булангийн орнуудын эрэлт болжээ. Эдгээр орнуудад тэмээний уралдаан гэсэн спортын бүхэл бүтэн төрөл байдаг. Ерөнхийдөө Азийн тэмээний үржил 1994-2004 онд бараг 20 хувиар буурчээ. Энэ бүгдээс хамгийн их хожилтой нь Австрали болж байна. Дэлхийн зэрлэг тэмээний хамгийн их тоо толгой Австралид бүртгэгдсэн билээ. Эдгээр амьтдыг анх ХIХ зуунд Энэтхэгээс ирэн суурьшсан британичууд авчирсан. Өнөөдөр Австрали тэмээгээ Саудын Арабад импортолдог болоод байгаа юм.
Өлсгөлөнд нэрвэгдсэн Сомалид тэмээ олон хүнийг тэжээдэг, хүнс, тээврийн эх сурвалж нь болдог ч одоо олноороо үхэн мөхөж байна. Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн жилүүдэд тэмээ нь нэг ёсондоо хүний үхлийн урьдчилсан дохио нь болж байв. “Тэмээ хамгийн сүүлд үхдэг. Тэд бөөнөөр үхээд эхлэнэ гэдэг бол удалгүй хүмүүсийг үхэл бүрхэнэ гэсэн үг” хэмээн НҮБ-ын мэдээллийн албанд Сомалийн нутгийн хөгшин 2009 онд хэлж байсан удаатай. Харамсалтай нь, түүний ажиглалт үнэн болж таарлаа.