”Ирэх онд мөнгөний хатуу бодлогыг сулруулахгүй”

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

”Ирэх онд мөнгөний хатуу бодлогыг сулруулахгүй”

УИХ-аас өчигдөр Төрөөс мөнгөний
бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын
тогтоолын төслийг баталлаа. Иймд бид Монголбанкны ерөнхийлөгч
Л.Пүрэвдоржоос дараах асуултад хариулт авав.

-Мөнгөний бодлогыг баталлаа, ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд барих боломжийг УИХ-аас хангаж өгч чадав уу?

-Монгол
Улсын 2012 оны нэгдсэн төсвийг хэр хэмжээгээр танасан талаарх бодитой
тоо нь бидний гар дээр ирэхгүй байж байгаад өнөөдөр үдээс өмнө Төсвийн
байнгын хорооноос баталсан байдлаар 900 орчим тэрбум төгрөгөөр зарлагыг
хассан байна. Үүнийг тооцоод үзэхээр инфляцийг бид төлөвлөж байснаас
хоёр орчим хувиар бууруулах боломжтой боллоо. Хэдийгээр инфляциас хоёр
хувийг хассан ч өндөр хэвээр байгаа. Энэ нь ирэх онд мөнгөний бодлогыг
сулруулах ямар ч боломжгүйг харуулж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, мөнгөний
бодлого одоогийнхоосоо нэлээд чангарах төлөвтэй байж, инфляцийг 10 -руу
дөхүүлэх, 10-аас их холтгочихгүй байх боломж зарим талаар бүрдлээ гэж л
хэлэх байна даа.

-Нэгдсэн төсвийг  нэг их наяд төгрөгөөр
бууруулчихвал, инфляцийг нэг оронтой тоонд барих бололцоо Төв банкинд
байна гэж хэлэлцүүлгийн үеэр та хэлээд байсан биш билүү?

-Мэдээж
УИХ төсвийг танасан нь их дэвшилттэй ч инфляцийн төлөв байдлыг бүрэн
сайхан засчихаж чадсангүй. Цаашид мөнгөний бодлогыг хатууруулж байж,
инфляцийг 10 буюу түүн рүү ойртуулах, 10-аас их холтгохгүй байх боломж
зарим талаар бүрдлээ.  Мөн цаашид анхаарах асуудал бол өчигдрийг хүртэл
бидэнд 2.3 сая иргэнд олгох нэг сая төгрөгийн амлалт, түүнийг ямар
хэлбэрээр өгөх вэ гэдэг нь тодорхой бус байсан. Хэрвээ энэхүү нэг сая
төгрөгийн хувьцааг чөлөөтэй мөнгөжүүлээд эхэлбэл, саяны зорилт эвдэрнэ.
Монгол орны эдийн засагт инфляцийн дарамт ихсэх байдал үүснэ. Тийм
учраас Монголбанкны зүгээс иргэддээ энэ хувьцааг өгнө гэдгээ
баталгаажуулчихаад урт хугацаанд 5-6 жилээр өгөөч ээ. Жилдээ 15-20
хувийг мөнгөжүүлсэн хэлбэрээр өгвөл Монгол орны эдийн засаг тогтвортой
хөгжинө шүү гэдгийг анхааруулсан.

Тэгэхгүй бол саяын танал­тыг
хаслаа ч хувьцаагаа чөлөө­тэй мөнгөжүүлчих юм бол эдийн засгийн
тогтвортой бай­далд муугаар нөлөөлж магад­гүй байгаа. Одоо нэгдсэн
төс­вийг баталсан ч төсөв өөрөө инфляцийн их дарамт дор байгаа учраас
ирэх онд нийлүүлэлтийн шок үүсгэхгүй байх талд Засгийн газар онцгой
анхаарч ажиллах учиртай гэдгийг давхар хэлсэн л дээ.

-Ирэх жил банкны зээлийн хүү буурах бололцоо бий юу?

-Зээлийн
хүү огцом буурах боломж ирэх онд байхгүй. Яагаад гэвэл инфляци өөрөө
өндөр байгаа, мөнгөний бодлого хатуурна, өөр арга байхгүй. Мөнгөний
бодлого хатуурна гэ­дэг банкны салбараас гарах зээлийг хязгаарлах,
хатууруу­лах арга хэмжээ. Тийм учраас зээлийн хүү буурна гэж хэлэхэд
хэцүү. Тэгэхдээ зээл олдохгүй болчихгүй, энэ онд зээл 61 хувиар өсч
байна, зээлийн өсөлт өөрөө ийм түргэн бай­гаа нь үнэгүйдлийг өдөөх,
хөрөнгийн үнэ өсөх байдалд хүргэж байгаа учраас зээлийн өсөлтийг ирэх
онд сааруулах бодлого барина. Төв банкны зүгээс яаж ч хүчиллээ гэсэн
зээл олголт 35 хүртэл хувиар өсөх байх. Өөрөөр хэлбэл, мөнгөний хатуу
бодлого үргэлжилж, банк­ны зээлийн хүү өсөх ч гэлээ хувийн салбарын
өсөлт хөгжилт үргэлжилнэ. Ер нь сүүлийн жилүүдэд арилжааны зээлийн хүү
буурсаар ирсэн, хэдийгээр мөнгөний бодлого хатуу байсан ч гэлээ.

-Зээлийн хүү одоогоор хэд байна вэ?

-Одоо бол арилжааны банкуу­дын зээлийн хүү төг­рө­­гийнх жилийн 16 хувь, ам.дол­ларынх 14 орчим хувьд байгаа, дунджаар.

-Арилжааны банкууд зээ­лийн хүүгээ нэмэгдүүлээд байна гэсэн мэдээллүүд гарах болсон. Юунаас болоод хүүг өсгөөд байна вэ?

-Арилжааны
банкууд зээл олголтоо багасгаад хүүгээ бага зэрэг өсгөсөн тал бий. Энэ
бол сөрөг үзэгдэл биш. Зээ­лээ жаахан үнэ оруулж байж зээлийн эрэлтийг л
бууруулах гэсэн арга хэмжээ.

-Ирэх онд мөнгөний ханш унана,
түүнийг дагаад зээл авах хандлага ихэсч байна гэсэн мэдээлэл цухалзах
боллоо. Хэр үндэслэлтэй вэ?

-Маш буруу мэдээлэл, 20 дугаар
тогтоол Монгол Улсад дахиж давтагдахгүй. Ямар учраас тийм яриа гарсан
юм, би түрүүн хэлсэн инфляцийг 10 орчим хувьд барих боломжтой боллоо
гэж… Төгрөгийн хан­шийн тухайд онцын хүчтэй савлагаа гарахгүй,
тогтвортой байх боломж бий.

-Тэгвэл ирэх онд банкны салбар ямар байх бол?

-Урд
хямралтай харьцуулах юм бол банкны салбар нэлээд бэхэжсэн. Бид хоёр ч
банкаа алдаж байж, хямралыг давж гарсан. Үүнээс Монголбанк төрийн нэрийн
өмнөөс хяналтыг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд их сургамж авсан.
Банкны өмчлөгч, удирдагчид ч бас нэлээд сургамж авсан. Өнөөдрийн
байдлаар банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөр болж, өөрийн
хөрөнгийн хүрэлцээ сайжирсан гээд аль ч талаасаа авч үзсэн бэхэжсэн
байдалтай байгаа.

-Хөгжлийн банк хөрөнгө гаргах чадамжгүй байгаагийн тухайд?

-Хөгжлийн
банк өөрөө эх үүсвэрээ бүрдүүлж бий болгох ёстой. Тэр ажил нь удааширч
байх шиг байна. 2012 онд эх үүсвэр олоод эдийн засгийн зарим төслийг
санхүүжүүлж эхлэх байх гэж найдаж байна.

-Иргэдийн мөнгөн хадгаламжид төр баталгаа гаргасан хуулийн хэрэгжилт хэзээ дуусах вэ?

-Ирэх
2012 оны эцсээр дуусах юм. Түүнтэй холбоотой хадгаламжийн сонгодог
тогтол­цоог бий болгохтой холбоотой хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн
барина.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж