Боловсон хүчний хэт их зардал, шатах тослох материалын тэнгэрт хадсан үнэ, үйлчлүүлэгчид хямд тээврийг сонгох болсон зэрэг нь нийлээд хэзээ нэгэн цагт АНУ-ын хамгийн том авиа компани гэж нэрлэгдэж байсан “American Airlines”-ыг сөхрүүлсэн байна. “American Airlines”-ын толгой компани AMR Corp дампуурлаа зарласнаас гадна, компанийн удирдлагыг гүйцэтгэх хүмүүст шилжүүлж байгаагаа мэдэгджээ. Компанийн удирдлагууд 88000 ажилтныг нэгтгэдэг Үйлдвэрчний эвлэлтэйгээ хэдэн жилийн турш хэлэлцээр хийсээр ирсэн бөгөөд тухай бүрт буулт хийсээр ажиллах хүчний зардлаа ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг гадаад дотоодын компаниудтай өрсөлдөхөд зарцуулах хөрөнгөнөөс хэт их болгосон юм байна. Харин одоо дампуурал бодитоор хэрэгжсэний дараа бүтцээ бүрэн өөрчлөх гэнэ. Том Хортон “Дэлхий бидний эсрэг эргээд эхэлжээ” гэж компанийн гүйцэтгэх зархирлаар дөнгөж томилогдсоныхоо дараа өгүүлсэн байна. AMR компанийг удирдаж байсан Жерар Агреуг огцруулсныхаа дараа түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон юм. American Airlines нь дундаж үнээр үйлчилгээ үзүүлдэг сүүлийн компани болж үлдээд байсан юм. АНУ-ын зах зээлд гурван жилийн өмнө үнэтэй үйлчилгээ үзүүлдэг South West, Air Asia, Ryanair зэрэг компани байсан бөгөөд бүгд одоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Харин дундаж үнээр үйлчилдэг American Airlines, United Airlines, Delta Airlines, North West Airlines, US Air компаниуд бүгд дампуурчээ. Хамгийн сүүлд American Airlines дампуурч байгаа нь энэ юм. Тус компани өнгөрсөн есөн жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ.
Х.Сайхан
http://www.mminfo.mn/