-Ирэх оны төсвийг батлахад ямар бодлого баримтлав, орлого зарлага нь ямархуу болов?
-Монгол Улсын 2012 оны төсөв бол 2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд чиглэгдлээ. Монгол Улсын эдийн засгийн өндөр өсөлтийг хангахад чиглэсэн төсөв болж батлагдаж чадсанд сэтгэл хангалуун байна. Нэгдсэн төсвийг анх өргөн барихад зарлагын хэмжээ өндөр байсан. Мөнгөний бодлогыг батлахад, Олон улсын валютын сан болон Азийн хөгжлийн банкны зүгээс зарлагад шүүмжлэлтэй хандаж байсан. УИХ дахь МАН, Ардчилсан намаас тус бүр байгуулсан ажлын хэсгүүдтэй хамтарч ажилласны үр дүнд төсвийн зарлагыг 800 орчим тэрбум төгрөг, санхүүжүүлэх эх үүсвэрийг 105 тэрбум төгрөгөөр, үндсэндээ төсвийн зарлагыг 900 орчим тэрбум төгрөгөөр бууруулж баталж чадлаа. Мөнгөний бодлогыг хэлэлцэх шатанд төв банкны зүгээс төсвийн зарлагыг нэг их наяд төгрөгөөр бууруулж чадвал инфляцийг нэг оронтой тоонд барих зорилтоо бүрэн хангана гэсэн. Үүнийг бид хангаж чадлаа. Хоёрдугаарт нь, бид 2008 оны эдийн засгийн хямралаас авсан туршлага, сургамждаа тулгуурлан орлогоо 600 орчим тэрбум, зарлагаа 900 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан төсвийн өөрчлөлт хийлээ. Үүний зэрэгцээ иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, нийт эдийн засгийн өсөлтийг хангах асуудлыг авч хэлэлцэж чадсан ухаалаг төсөв баталлаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н, аравдугаар сарын 1-нд хоёр үе шаттай нэмнэ. Энэ нь инфляцид нөлөөлөхгүй байх бодлогыг барьсан хэрэг. Цалинг нэмэхэд 450 тэрбум төгрөг зарцуулна. Тэтгэвэр, тэтгэмжийг эхний хагас жилдээ багтааж буюу гуравдугаар сарын 1-н, тавдугаар сарын 1-нд тус тус нэмэгдүүлнэ. Мөн иргэн бүртээ олгох 1.5 сая төгрөгийн хувь хишгийг УИХ-ын 39 дүгээр тогтоолтой уялдуулан шийдсэн. Өөрөөр хэлбэл, нийт иргэддээ 500 мянган төгрөгийг бэлнээр, нэг сая төгрөгийг бэлэн бусаар нэг сая төгрөг хүртэлх хувьцааг олгоно. Иргэд энэ хувьцааг хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахаас өмнө мөнгөжүүлье гэж хүсч байгаа бол Засгийн газартаа эргүүлж өгөх эрх нь нээлттэй. Энэ утгаараа улсын төсөвт 400 орчим тэрбум төгрөг, нийт компаниудад санал болгосноор 1.5 их наяд төгрөгийг мөнгөжүүжүүлэх боломж бүрдсэн. Нийт дүнгээрээ 1.9 их наяд төгрөг энэ хувьцаанаас мөнгөжих бүрэн бололцоотой. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийг бид иргэддээ эхлээд олгочихно. Дараа нь бид өөрсдөө авч байгаа хувьцаа нь 2-10 дахин өсөх бололцоотой. Тиймээс иргэд маань энэ хувьцаагаа үлдээнэ гэвэл тухайн хүмүүсийн мөнгө нэг сая төгрөг биш 3-4 сая төгрөг болж өсөх бололцоотой. Ингэвэл бидэнд 20 хувийнхаа 15.5 хувийг мөнгөжүүлэх бэлэн мөнгө байгаа.
-Ирэх онд хөрөнгө оруулалтыг юу юунд чиглүүлэхээр тусгасан бэ?
-Хөрөнгө оруулалтын тухайд шинэ зарчим барьсан. Тухайлбал, шинээр контор барих хөрөнгө оруулалтыг болиулсан. Тэвчиж болох зардлуудыг маш их хэмжээгээр бууруулсан. Ер нь гол гол тоног төхөөрөмж, машин унаатай холбоотой зардлуудыг 50 хувиар бууруулсан төсөв болсон. 2013 оноос эхлээд эргэн төлөгдөхтэй холбогдолтой хөрөнгө оруулалтыг бүгдийг нь Хөгжлийн банкинд байршуулж, санхүүжүүлэхээр болсон. Анх 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг өргөн барьснаас 900 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг бууруулсан. 1.5 их наядын 500 нь гуравхан арга хэмжээнд зарцуулагдаж байгаа. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн сангийн төсөвтэй холбогдолтой 150 тэрбум төгрөг, дээрээс нь авто замын эргэн төлөгдөх 250 тэрбум төгрөг. Энэ нь үргэлжилж байгаа учраас ирэх ондоо багтаад хэрэгжинэ. Тийм учраас ирэх 2013 оны төсөв тогтвортой байдлыг хангасан, маш жижигхэн төсөв болно. Хөрөнгө оруулалтын зардал буурна. Урсгал зардлын хувьд нийтдээ 53 хувиар нэмэхгүй. Үйл ажиллагааны дөрвөн жилд хуваагаад бага бага хувиар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл ирэх оны төсөв шиг 600 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхгүй. Хүний хөгжил санд 800 тэрбум төгрөгийн зардал гарч байна. 2012 оны долдугаар сараас эхлээд иргэд маань зөвхөн хувьцааны ногдол ашгаас ашиг хүртэнэ гэж ойлгох хэрэгтэй.