Дэлхийн дайтай монгол

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн дайтай монгол

Монгол дэлхийд байхгүй аугаа үндэстэн. Үнэхээр генийн хүмүүс. Үндэсний бөхийг маань Гиннесийн номонд бахархалтайгаар бүртгэсэн. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй, цус шингэн, нас залуу эрийг 60 гарсан аварга гуядаад л гүйцээчихнэ. Бөх тайлбарлагчдын тайлснаар бол харьшгүй хүч /хөөрхий хөгшин аваргуудыг хошгоруулчихаж/ гэж тэр гэсэн. Гадныхнын нүдээр харьшгүй хүчтэнийг нь харвал, хөлд орж байгаа хүүхэд аятай хөлөө зөөж ядан тэнтэр тунтар алхах өвөө л үзэгдэнэ. Гоо зүй талаасаа жаахан эвгүй, шолхойчихсон. Хамаг биенийх нь мах хорвоогийн жамаар шуугдаж, багтаж ядан байсан булчинг нь гэрчлэх мэт арьс нь унжсан нь нэг л өвөрдмөөр. Өвөөгөөс илүү өнөөх өвдөг шорооддог цэргийг өрөвдөөд байдаг юм. Монгол шиг ийм сонгодог хүн, бөх өөр хаана байна. Тэр гадаадад дөч, тавин жил ингэж барилдаж байгаа шийртэй өвөө бий бил үү. Байхгүй дээ, байхгүй.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Обама ялалт байгуулахад хэн анх баяр хүргэлээ. Монголчууд. “Обама чи шүү. Чамд амжилт хүсье. Ажиллаад байгаарай” гэж монголчууд л анх сэтгэгдлээ үлдээж байсан. Тийм том сэтгэдэг хүмүүсийг тэгээд буурай улсын бүдүүлэг иргэд гэх үү. Үгүй дээ, үгүй. Өөрөөр хэлдэг юм.  

Өөрсдийнх нь иргэд хоолгүй хонож, хогоор хооллож байгааг үл огоорон газар хөдлөлтөд нэрвэгдсэн япончуудад туслахгүй бол болохгүй гэж уужуу сэтгэдэг улстөрч олдох уу, тэр гадаадад чинь. Олдохгүй дээ, олдохгүй. Ондоо гариг дээрээс ч олдохгүй.

Хаа байсан Арабын ливичууд хуучин удирдагчаа зодож, хороочихсон байхад харамслаа илэрхийлж, эмгэнэл илэрхийлэн, залбирсан ийм нигүүлсэнгүй ард түмэн өөр хорвоод төрөө юу. Төрөөгүй дээ, төрөөгүй. Төөрөг заяа ч байхгүй.

Харийн дайснаас иргэдээ хамгаалахаар хана, хэрэм барьдаг болохоос сахилгагүй иргэдийнхээ саваагүйтэхээс нь айхдаа төрийн ордноо тойруулан хашаа барьдаг төртэй улсыг Монголоос өөр бий гэж сонссон уу. Сонсогдохгүй дээ, сонсогдохгүй. Сод хүмүүс л ийм юм хийдэг юм.

Хараахдаа, ерөөхдөө ч, ханиахдаа ч, харамсахдаа ч, уучлахдаа ч, уйлахдаа ч харийн хэлээр. Солонгос ирвэл солонгосоор, хятад ирвэл хятадаар, америк ирвээс англиар, оростой бол руский языкаар нь “энхэрчихдэг” хэрнээ монголоор тэр үгийг чинь юу гэдэг билээ гэж гадаад үг асуудаг гайхалтай өөр ард түмнийг та нар мэдэх үү. Мэдэхгүй дээ, мэдэхгүй. 

Ингээд цааш нь дурдаад байвал их том үндэстэн гэдгийг энүүхэн бяцхан зайнд өгүүлж үл барна. Дэлхийн талыг эзлээд, тэгсэнээ эзлэгдсэндээ эзлэгдээд, эцэст нь гадныхнын “комисс”-ын хувцас, утас гээд бүхий л бараагаар хэрэгцээгээ хангадаг хэрнээ өөрсөддөө бус өрөөлийн төлөө санаа зовдог. Иргэд нь Ерөнхий сайдынхаа зүсийг нь байтугай нэрийг ч мэдэхгүй байхад ерөнхий сайдыг нь, сайдынх нь эхнэрийг монголчууд л мэддэг. Ийм хүмүүсийг аугаа гэхгүй өөр хэнийг тэгж хэлэх билээ.    

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж