12 мянган эх хүүхдээсээ татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

12 мянган эх хүүхдээсээ татгалзжээ

Энэ бол тоо бол зөвхөн бүртгэгдсэн тоо баримт. Харин яг амьдрал дээр хэд дахин их тоо гархыг ч үгүйсгэхгүй. Цөөхөн хүн амтай бидний хувьд энэ бол харамсмаар тоо. “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний тавдугаар хурлын үеэр энэ тоо яригдсан юм. Энэ хурлаар эх хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан юм. Хурал бүх аймаг сумдын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, ДЭМБ, НҮБ, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулсан юм.

Хүн эрүүл байх ёстой гэдгийг сайн мэдэх ч юунаас эхлээд эрүүл байх талаараа тэр бүр мэддэггүй.  Эм уугаад, эмнэлэгт хэвтчихвэл эрүүл болно гэдэг ойлголт нь буруу зуршил гэнэ. Эрүүл амьдрахын тулд эрүүл орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Нийслэлчүүдийн хувьд ямар орчинд амьдарч байгаагаа давтан хэлүүлэх юун.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын профессор Т.Макеоун хүн амын эрүүл мэндийг  сайжруулах гол хүчин зүйл нь эмнэлгийн үйлчилгээ, технологийн дэвшил бус харин нийгэм хүрээлэн буй орчин, эдийн засгийн өөрчлөлтүүдийг хийх явдал гэсэн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж  “Эрүүл хот”-ын ойлголтыг анх гаргажээ. Бид эрүүл амьдрахын тулд хогоо цэвэрлэхийн оронд эм уудаг нь хамгийн буруу зуршил гэнэ. 1996 оноос хойш Улаанбаатарчууд эрүүл хотын төлөө тэмцэж эхэлсэн гэдэг. Гэхдээ л бид дэлхий дээр хамгийн бохир хотын нэг гэж цоллуулаад сууж л байна. Үнэхээр бид эрүүл хотын төлөө ажиллахгүй байна уу эсвэл гээд бас нэг асуулт гарч ирэх биз. Өвчингүй бол баян, өргүй бол жаргал гэдэг бид эрүүл байхын үндэс нь орчноосоо эхлэх хэрэгтэй гэдгийг үндэсний чуулганд оролцогсод хэлж байлаа.

Дэлхий дээр жилд 180-210 сая хүн жирэмслэдэг. Харин 75 сая нь хүсээгүй жирэмслэлт. Бас 55 сая нь үр хөндүүлдэг. Үүнээс 20 сая аюултай үр хөндөлт байдаг гэсэн судалгаа бий. Энэ зөвхөн бүртгэгдэж байгаа тоо. Мөн жилд 375 мянган эх төрөлтийн улмаас нас барж, гурван сая хүүхэд амьгүй төрж, гурван сая нярай төрөөд долоохон хоноод нас барж байна. 

Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэхээр охид, эмэгтэйчүүд болон хүүхдийн эрүүл мэнд голлох байр суурь эзлэх нь зүйн хэрэг болоовч үнэн хэрэгтэй эрэгтэй эмэгтэй хүн бүрийн эрүүл мэндийг ярих цаг болсон биз. Гэвч энэ удаагийн хуралд эмэгтэйчүүд болон нярай хүүхдийн эрүүл мэндийн асуудалыг авч үзэж байсан юм. Эмэгтэйчүүд болоод нярай хүүхдийн эрүүл мэнд тухайн улсын эдийн засаг, хөгжлийн тавшинтэй нягт холбоотой. Хөгжингүй орнууд эрүүл мэндтэй холбоотой судалгааны үр дүнг шуурхай хэрэгжүүлж  байдаг бол хөгжиж буй болон ядуу оронд эсрэгээрээ байдаг аж.

Статистик тоо баримтаас харахад манай оронд эх, хүүхдийн эндэгдэл харьцангуй өндөр орны тоонд ордог гэсэн судалгаа бий. Үүнд нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь агаар, орчны бохирдол. Энэ ч бас олон жил ярьж байгаа сэдэв. ЭМЯ-ны мэргэжилтэн Я.Буянжаргал хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр бид олон ажил хийсэн. Гэвч энэ бол дан ганц эрүүл мэндийн байгууллагын ажил биш. Үүнд төр засгийн оролцоо болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг нь бүрдүүлэх нь чухал байна. Мөн иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна. Жишээ нь төрөх насны эмэгтэйчүүд зөвхөн өвдсөн эсвэл жирэмсэн үедээ эмнэлэгт хандаж байна. Жирэмсэн болсон хойноо эмчид хандахаар эрүүл мэндийн байдал нь хүнд, ужиг өвчтэй байх болсон. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх ёстой боловч залуу эмэгтэйчүүдийн дунд өвчлөл өндөр байгаа учраас бид цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээ рүү түлхүү анхаарах нь чухал байгаа юм. Цаашлаад нийгмийн эрүүл мэнд, орчны эрүүл мэндэд яаж анхаарах. Хамгийн наад зах нь агаарын бохирдол, хөрсний бохирдлоос салах хэрэгтэй. Мөн залуу, өвдөхгүй байна гээд эмчид хандахгүй байх нь буруу зуршил гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Сард нэг удаа ч гэсэн эмнэлгийн бүрэн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” гэдэгт анхаарах цаг нь болсон гэж онцолж байсан.

Энэ удаагийн хурлаар шийдвэрлэх гол асуудлын нэг нь эмнэлгийн барилга болон мэргэжлийн ажилтнууд байсан юм. Нийслэлд Монголын хүн амын 50 хувь оршдог. Нэг эмчид ногдох хүний тоо нь тогтоосноор 10 дахин их. Эмнэлгийн багтаамж хүрэлцэхгүй. Жишээ нь нийслэлд хүүхдийн эмнэлэг хомс учраас байгаа хэдэн эмнэлгийнхээ хүүхдийн тасагт ор байхгүй ч коридорт нь хэвтэн эмчлүүлдэг түүх жил бүрийн өвөл тохиолддог. ЭМЯ болон нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран Эх хүүхийн эрүүл мэндийн төвийг байгуулж буй.  Гэвч жил бүр багахан аймгийн хүн амтай тэнцэхүйц хүн шилжин ирдэг нийслэлийн хувьд нэг эмнэлэг багадах нь мэдээж. Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа “Нийслэлд хүүхдийн эмнэлэг барих зайлшгүй шаардлагатай. Эрүүл хүүхэд төрүүлж, хүүхдүүд эрүүл байж улс орон зөв хөгжинө. Тиймээс бид шат дараатайгаар хүүхдийн эмнэлэг барихаар ажиллаж байна. Мөн Турк улсын 100 хувийн хөрөнгөөр эмнэлэг барьж өгөхөөр болсон. Түүний байр, болон газрыг нь бид шийдсэн. Барилгын ажил эхэлж байгаа. Мөн нэгдүгээр төрөхийг бид өргөтгөн шинэчилж байгаа. Энэ мэт ажлуудыг хийж байна. Багахангай, Налайх зэрэг дүүргүүд нийслэлийн харъяа ч эмнэлгийн боловсон хүчин дутагдалтай байдаг. Тиймээс орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх нь ч бас чухал” юм гэлээ.

Улс орноо хөгжүүлэх, цэцэглүүлэх гэж ярихаас өмнө эрүүл мэнддээ анхаарах нь цаг болсныг хуралд оролцогсод нэгэн дуугаар онцолж байлаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж