Мексикийн хар тамхины дайн өмнө зүгт шилжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Мексикийн хар тамхины дайн өмнө зүгт шилжиж байна

2011 онд анзаараагүй үлдээсэн түүх


(“Foreign Policy”, АНУ, Жошуа Китинг (JOSHUA E. KEATING))

Өнгөрч
буй онд дэлхийн хэвлэл мэдээлийн дуранд төдийлөн өртөөгүй ч ирэх жилд
гол сэдэв болох магадлал өндөр үйл явдал ба хандлагуудыг та бүхэнд
АНУ-ын “Foreign Policy” сэтгүүл танилцуулж байна. Тэмээ устаж байгаа,
Ази цэрэгжиж, бараг бүх Төв Америкийг эзэлсэн Мексикийн хар тамхины дайн
энэ бүгд тэр үйл явдлуудын цөөхөн хэсэг нь.

Мексикийн хойд хилийн орчмын хар тамхины картелийн үйл ажиллагаа АНУ-д улс төрийн чухал асуудал болсон ч тэндээс өмнө орших орнуудад энэ сөргөлдөөний үзүүлж байгаа сүйрлийн үр дагаварт бараг анхаарал үзүүлэхгүй байна. “Синалоа”, “Зетас” картелийн нүүр царайтай хар тамхины мафи эрх баригчдын мөрдөн мөшгөлтөөс зайлан шинэ газар нутгийг хайж, Төв Америкийн улс төрийн тогтворгүй байдалтай орнуудад суурьшиж байна.

Өнөөдөр Төв Америкийн бараг бүх орнуудыг хар тамхины дамжлага гэж Цагаан ордон жагсаалтдаа оруулаад байна. Энэ жил уг жагсаалтад Белиз, Сальвадор хоёр нэмэн бичигдлээ. Мексикээр дамжин АНУ-д орж байгаа кокаины 60 хувь нь эхлээд Төв Америкийн орнуудаар дамждаг тухай Конгрессийн судалгааны албаны илтгэлд тэмдэглэсэн байна. Эдгээр долоон орны дөрөвт  аллага сүүлийн таван жилийн дотор ихээхэн өсчээ. Гондураст аллагын үзүүлэлт хоёр хагас дахин өссөн байна.

Гватемалад өнгөрсөн тавдугаар сард хар тамхины мафи 27 хүний толгойг авсан аллага гарсан нь тус оронд иргэний дайн төгссөн 1996 оноос хойших хамгийн том гэмт хэрэг байлаа. Өдгөө Мексикийн хоёрт нэрлэгдсэн “Зетас” картелийн хяналтад бүхэл бүтэн район байгаа. Энэ бүлэглэл нь пулемет, гранат харвагчаар зэвсэглэснээс гадна ширэнгэн ойд онгоц, хөөрч буух зурвастай. Гветамалагийн Засгийн газар оны эхээр Мексикийн хар тамхины наймаачдын эсрэг томоохон ажиллагаа явуулсан ч тэднийг нутгаасаа хөөж чадаагүй. Гветамалагийн улстөрчид хар тамхины картельтай ямар нэгэн холбоотой гэх тэр дээрэмчдээс мөнгө хөрөнгө авдаг тухай олон тооны мэдээ гарч байв.

Одоохондоо кокаины боловсруулалтыг Өмнөд Америкийн кока ургадаг Андын районд хийж байгаа. Гэтэл өнгөрсөн гуравдугаар сард кокаин бэлтгэх анхны лабораторийг Төв Америкаас илрүүлсэн байна. Тэр лаборатори Гондураст байжээ. Сальвадорт гэмт хэрэг эрчимтэй өсч байна. “Синалоа”, “Зетас” картелиуд орон нутгийн дээрэмчдийн бүлэглэлтэй эвсэл байгуулсан байна. “Мара Сальватруча” гэдэг гэмт хэргийн бүлэг Сальвадорт хамгийн том бөгөөд муу нэрээрээ алдартай. Энэ бүгдийг зөвхөн Мексикийн хар тамхины дайн гэж хэлэхээргүй боллоо.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж