Төсөв дөрвөн хувиас нэг хувь болтол буурлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Төсөв дөрвөн хувиас нэг хувь болтол буурлаа

Монгол Улс ирэх жил мөнгөний авдартаа хэр хөрөнгө хураах, бас хэдийг  зарцуулаад ямар өртэй хоцрох, хэн хэдэн төгрөг олж хэчнээнийг зарахыг дэлгэн харуулсан 2012 оны нэгдсэн төсвийн хуулийг хуулийн хугацаа яг дуусах сүүлийн өдөр буюу өнөөдөр УИХ баталж гаргалаа.

2012 оны
улсын нэгдсэн төсвийн орлогыг 5,8 их наяд, зарлагыг 6,3 их наяд
төгрөгөөр баталж, өмнөх төслөөс орлогыг 600 тэрбум, зарлагыг 900 тэрбум
төгрөгөөр танаснаа мэдэгдсэн. Эцэслэн баталсан Төсвийн хуульд
Төсвийн орлогыг дөрвөн их наяд 630 тэрбум 707 сая төгрөгөөр, төсвийн
жилд зарцуулах төсвийн зарлагын тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн
хэмжээг дөрвөн их наяд 865 тэрбум 904 сая төгрөгөөр баталлаа.

Төсөв ерөнхийлөн захирагч нарт улсын мөнгөний авдарт цуглуулах хөрөнгийн хэмжээг зааж өгснөөс тоймлож үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 20 сая, УИХ-ын дарга 100 сая, Ерөнхий сайд 830 тэрбум 387,2 сая төгрөгийг улсын санд олж тушаах үүрэг хүлээлээ.

Цаашлаад Засгийн газрын Тэргүүн шадар сайд 10 тэрбум 824,4 сая, шадар сайд долоон тэрбум 664,8 сая, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нэг тэрбум 389,2 сая, Гадаад харилцааны сайд 17 тэрбум 946,6 сая, Хууль зүй, дотоод хэргийн сайд есөн тэрбум 916,5 сая, БОАЖ-ийн сайд гурван тэрбум 782,5 сая, Батлан хамгаалахын сайд 19 тэрбум 79,9 сая, БСШУ-ны сайд 9 тэрбум 128,6 сая, НХХ-ийн сайд 60 тэрбум 130,8 сая, ХХААХҮ-ийн сайд 65 тэрбум 989 сая , Эрүүл мэндийн сайд 107 тэрбум 245,1 сая, ЗТБХБ-ын сайд 59 тэрбум 158,4 сая төгрөг төсөвт төвлөрүүлнэ.  Сангийн сайд хамгийн их буюу гурван их наяд 734 тэрбум 887,3 сая төгрөг “олох” үүрэг хүлээв. ЭБЭХ-ний сайд 115 тэрбум дөрвөн  сая төгрөг улсын санд тушаах юм. ТӨХ 814,3 тэрбум, Цөмийн энергийн газар нэг тэрбум 916,2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр боллоо.

Тэд мөнгө олсон болохоор бас салбартаа зарах эрхтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зургаан тэрбум 120,1 сая, УИХ-ын дарга 17 тэрбум 569,2 сая, Үндсэн хуулийн Цэцийн дарга 546,6 сая, Дээд шүүхийн ерөнхий шүүгч  нэг тэрбум 791 сая,  Ерөнхий прокурор 17 тэрбум 447,4 сая төгрөг эргэлдүүлнэ.  Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нэг тэрбум 313,3 сая, Монгол Улсын Ерөнхий сайд 94 тэрбум 208,8 сая, Тэргүүн шадар сайд 48 тэрбум 473,9 сая, Шадар сайд 107 тэрбум 78,4 сая, ЗГХЭГ-ын дарга 50 тэрбум 774,7 сая, Гадаад харилцааны сайд 48,7, сая Сангийн сайд сайд, нэг их наяд 427,4 сая, ХЗДХ-ийн сайд 256 тэрбум 228,9 сая, БОАЖ-ийн сайд 100 тэрбум, Батлан хамгаалахын сайд 155,57 сая, ЗТБХБ-ын сайд 765 тэрбум  927,8 сая, ЭБЭХ-ний сайд 234 тэрбум 523,9 сая, НХХ-ийн сайд 670 тэрбум 834,3 сая, ХХААХҮ-ийн сайд 239 тэрбум187,4 сая, Эрүүл мэндийн сайд 484 тэрбум 117,4 сая төгрөгийг тус тус зарцуулах эрхтэй боллоо.

Улсаас 11 аймаг татаас авч, 10 аймаг төсөвт хөрөнгө төвлөрүүлэх юм. Уул уурхайн үйлдвэрлэл эхэлж буй Өмнөговь аймаг гэхэд улсын төвлөрсөн төсөвт 118,8 тэрбум төгрөг оруулна. Мөн Монгол Улсын 2012 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлыг 1,4 их наяд, гадаадын төслийн зээлээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг 182,7 тэрбум төгрөгөөр баталлаа. Тогтворжуулалтын санд ирэх жил хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 322,4 тэрбум төгрөг байлгахаар төсөв баталлаа.

УИХ-ын дарга Монгол Улсын 2012 оны төсөв дөрвөн хувиас нэг хувь болтол буурсан үзүүлэлттэйгээр батлагдаж байгааг онцолсон юм. Төсөв батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд товч үг хэлэхдээ хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн чухал хэсэг болох төсөв, түүнийг дагалдах хуулиуд, Мөнгөний бодлого батлагдсаныг онцлон тэмдэглэсэн юм.  Ерөнхий сайдын хэлснээр 2012 оны төсөв урьдах төсвөөс хэд хэдэн онцлогтой гэлээ. “Сонгуулийн амлалт болох 1,5 сая төгрөг, хувь хишгийн амлалтыг шийдвэрлэх, цалин, тэтгэврийн мөнгийг төсөвт суулгаж буйгаараа чухал юм. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд оны эхнээс төсвийн ерөнхийлөн захирагч нар чармайн ажиллах хэрэгтэй” гэж Ерөнхий сайд хэлсэн юм.

Ийнхүү хэт данхайсан, улстөржсөн хэмээн шүүмжлүүлж байсан төсвийн төслийг гайгүй сайн танасан төсөв батлагдлаа. Хэдийгээр Сангийн сайд үгүйсгэж буй ч  төсөв дотор гишүүн бүр тойргийн гурав, гурван тэрбум төгрөг суулгасан гэх мэдээлэл бас бий.  Төсвийн хуульд хориг тавих эсэхээ Монгол Улсын Ерөнхийлөгч шийдэх юм.

Төсвийн дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Асуулт тавих гишүүн гараагүй тул тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батлан гаргалаа. Ингэж эрхэм гишүүд намрын чуулганаар хэлэлцэж батлах хамгийн том хоёр шийдвэрийн ард гарав.                           

Д.Оюунцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж