Их Британи Тегеранаас дипломатуудаа татав

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Их Британи Тегеранаас дипломатуудаа татав

Ираны Тегеран хот дахь элчин сайдын яаманд нь халдсаны дараа Их Британи тус улсаас дипломат төлөөлөгчдөө татаж байгаа гэнэ. Их Британийн гадаад хэргийн яам аюулгүй байдлын үүднээс зарим дипломатууд эх орондоо ирсэн гэж мэдэгдсэн авч нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Дээрх халдлагын дараа Норвеги элчин сайдын яамаа мөн хаасан гэнэ. Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, тус улсад эдийн засгийн хориг тавьсанд бухимдсан оюутнууд өчигдөр Тегеран дахь Их Британийн элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн газар руу халдсан билээ. Их Британи, АНУ, Франц, Герман зэрэг орнууд халдлагыг зохион байгуулсан этгээдүүдийг баривчилж, хариуцлага хүлээлгэхийг Ираны Засгийн газраас шаардаж байгаа ч одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Ираны гадаад хэргийн сайд Исламын жижиг бүлэглэл халдлага үйлдсэнд харамсч буйгаа илэрхийлсэн.  Их Британийн элчин сайдын яамны үүдэнд жагссан хэдэн зуун оюутнууд тус улсын төрийн далбааг шатааж, байранд нэвтэрсний дараа Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Халдлагын үр дагавар ямар ноцтой байж болохыг Ираны эрх баригчид  ойлгож байгаа гэж найдаж байна” гэсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж