
Их Британийн хоёр сая гаруй төрийн албан хаагч тэтгэвэр тэтгэмжийн хөтөлбөрийг багасгахыг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлах гэж байна. Сургууль, эмнэлэг, агаарын тээврийн компаниуд, усан боомт болон төрийн албан хаагчид Их Британи даяар 1000 гаруй жагсаал, хөдөлгөөн зохион байгуулах ажээ. Их Британийн Засгийн газар ажил хаях уриалга юунд ч хүрэхгүй гэж хэлсэн нь Үйлдвэрчний эвлэлүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, тус улсын түүхэнд урьд хожид байгаагүй ажилт хаялт зарлахад хүргэж байна. Үйлдвэрчний эвлэлүүд Засгийн газраас тэтгэврийн мөнгө, тэтгэвэр тогтоох насыг нэмэгдүүлэхийг шаардсан. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны тэргүүлж буй Засгийн газар Үйлдвэрчний эвлэлүүдийн энэ уриалгыг “Зөвтгөх аргагүй буруу алхам” гэж үзсэн байна. Их Британийн Канцлер Жорж Осборн ажил хаялт юунд ч хүрэхгүй гээд Үйлдвэрчний эвлэлүүдийг зөвшилцлийн ширээнд суухыг уриалжээ. Тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар ажил хаялт зарласан төрийн албан хаагчдаас Үйлдвэрчний эвлэлийн дарга нарын хоосон, уран үгэнд итгэхийн оронд юу шаардаж байгаагаа анхаарахыг хүсчээ. Их Британийн Засгийн газар татварын хэмжээг нэмэгдүүлж, тэтгэвэр тэтгэмжийн хөтөлбөрүүдийн тоог багасгах замаар хоёр жил тутам нэг хувийн алдагдалтай гарч буй тэтгэврийн сангийн мөнгийг нөхөх шийдвэр гаргасан нь Үйлдвэрчний эвлэлүүдийг ийнхүү яаралтай арга хэмжээ авахад хүргэжээ.
Н.Энх