Компанийн засаглалыг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Компанийн засаглалыг шинэчилнэ

Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпораци, Компанийн засаглалын хөгжлийн төв, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Компанийн тухай хуулийн агуулга, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Олон улсын санхүүгийн корпораци болон гадны орнуудын жишгийн дагуу боловсруулсан тус хуулийг өнгөрсөн сард баталснаар компанийн талаар тавигдах шаардлагууд илүү боловсронгуй болж, компаниуд сайн засаглал тогтоож, хөрөнгө татах чадварыг бэхжүүлэх үндэс болох гэнэ. Хууль батлагдахаас өмнө 2009 оноос компаниудыг дэмжих  талаар ажлууд хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 70 гаруй хувьцаат компани, банк санхүүгийн байгууллагыг  хамарсан сургалт, үйлчилгээ зохион байгуулжээ.

Шинэ хууль 14 бүлэг, 100 зүйлтэй, нийт 73 хуудас бөгөөд 400 гаруй өөрчлөлт оруулжээ. Уг өөрчлөлтийн талаар ба хэвлэлийн хурлаар авч хэлэлцсэн асуудлууд бол төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг оролцоо, охин компанийн эрх зүйн чадамж, шинээр компани байгуулахад анхаарах зүйлс, хувьцаа эзэмшигчдийн хурлын үр нөлөө, компанийн хараат бус гишүүдийн үүрэг, мөн компанийн дотор байх шаардлагатай хороодын үйл ажиллагааны чиглэлийн тухай байлаа. Энэ үеэр компанийн засаглалын тулгуур зарчим бол тайлагнах хариуцлага, шударга байх, ил тод байх, үүрэг хариуцлагыг ухамсарлах гэдгийг онцолсон юм. Төрийн болон төрийн бус, хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд заавал хараат бус гишүүн байх ёстой гэж шинэ хуульд тусгасан байна.  Компанийн засаглалын үндэс болсон Төлөөлөн удирдах зөвлөл нь есөөс доошгүй гишүүнтэй байх ба гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүд байна хэмээн заажээ. Энэ нь удирдан чиглүүлэх үйл ажиллагааг дан ганц нэг хүний гарт төвлөрүүлэх бус, тараан байршуулах, хараат бус гишүүнээр хяналт тавиулах боломжийг бүрдүүлсэн нь ихээхэн ач холбогдолтой болох юм байна. Шинээр баталсан хуульд тусгасан өөр нэгэн асуудал бол охин компани толгой компанитайгаа нэгдсэн тайлан гаргах зохицуулалтыг тодорхой болгосон тухай. Энэ нь охин компанийн эрх үүргийг тодотгож, өөрөөр хэлбэл, охин компанийг эрсдэлд оруулсан шийдвэр гаргасан тохиолдолд толгой компани өөрөө хариуцлага хүлээх ажээ. Өөр нэгэн анхаарал татах асуудал бол компанийн хурлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс  гадна хоёроос дээш хараат бус гишүүний санаачилгаар зарлан хуралдуулах эрхтэй гэж тусгасан байна. Мөн хуралд хувьцаа эзэмшигчид оролцоогүй, эсхүл эсрэг саналтай байсан бол шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулжээ. Үүнд  хурлыг хууль болон эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу  албан ёсоор зарлаагүй, хурлын шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн, хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн нь хамаарах юм. Хуулийн үндэс болсон засаглалын үндэс компанийн ТУЗ-д мэргэжлийн чиглэлийн хороотой байх шинэ зохицуулалт оруулж ирсэн байна. Ялангуяа хувьцаат компани заавал гурван  /аудитын, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын/ хороотой байхаар тусгажээ.

Хуулийн талаар Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал Ж.Үнэнбатаас тодрууллаа.

-Шинээр баталсан хуулийн ач холбогдлыг тодорхойлбол?

-Ер нь бол бизнесийн байгууллагаас баримтлах ерөнхий зарчмыг тогтоосон. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах замаар хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, компанийн сайн засаглалын наад захын шаардлагыг хуульчилснаараа ач холбогдолтой юм. Одоо  нийтээр даган мөрдөх л учиртай.

-Хуулийн хүрээнд ямар бодит ажлууд хийгдэх вэ? 

-Хуулийг сурталчлах, энэ талаар сургалт явуулах, загвар, дүрэм журмыг боловсруулах, ТУЗ-ийн гишүүн, удирдах ажилтны гарын авлага боловсруулах ажлууд хийж байна. Өнөөдөр л гэхэд компанийн засаглалын тухай сургалтад сууж, мэргэшсэн хүмүүс маань гэрчилгээгээ гардан авлаа. Ер нь бол компанийнхаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээллийн хүмүүс энэ сургалтад хамрагдаж, тухайн компанидаа шинэ хуулийн хэрэгжилтээс гадна зайлшгүй мэдэх бүхий л цогц мэдээллүүдийг авч байгаа юм.

-Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний асуудлыг шинэ хуульд тодотгож өгсөн байна. Хараат бус гишүүн гэдэгт ямар хүмүүсийг ойлгож авч үзэх вэ?

-Хараат бус гишүүн гэдгийг компанийн холбогдолгүй, нийгэмд байр сууриа олсон, харилцагч, эсвэл тухайн газрын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцогчийн үүрэг гүйцэтгэх этгээд хэмээн тодорхойлж болно л доо. Нийгэмд байр сууриа олсон гэхээр судлаач, багш, нийгмийн зүтгэлтнүүд байж болох юм.

-Эрх бүхий албан тушаалтан гэдэгт үүрэг оролцоог хэрхэн тодорхойлсон бэ?

-Хуульд эрх бүхий албан тушаалтны зохицуулалтад нэлээд өөрчлөлт орсон. Эрх бүхий албан тушаалтны жагсаалтад ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нэмэгдсэн. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг, ял эдэлж байгаа этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллуулахыг хориглосон. Эрх бүхий албан тушаалтны үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон. Энэ нь эрх мэдлээ хууль болон дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх юм. Үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа мэдэгдэх, өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн этгээдээс бэлэг, урамшуулал авахгүй байх зэргээр тодорхойлон тусгасан байгаа.

У.Болор

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж