Египетчүүд түүхэн сонгууль өгөв

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Египетчүүд түүхэн сонгууль өгөв

Египетэд Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцруулснаас хойш анх удаа явуулсан бүх нийтийн сонгуулийн саналын тооллого үргэлжилж байна. Нийслэл Каир болон бусад томоохон хотод санал хураалтын цэгүүдэд сонгогчдын урт дараалал үүсч байгаа гэнэ. Гэвч сонгууль харьцангуй тайван болсон байна. Сонгуулийн эхний үе шатаас харахад санал хураалт 70 хувьд хүрчээ. Сонгуулийн урьдчилсан дүн орой гарах юм байна. Египетчүүд сонгууль өгөхөөр урт дараалал үүсгэж байсан үүн шиг тохиолдол тус улсын парламентын түүхэнд байгаагүй гэнэ.  85 сая хүн амтай Египетэд 50 сая хүн сонгуульд санал өгөх ажээ. Парламентын бүх нийтийн сонгуульд 50 гаруй улс төрийн нам, 10,000 гаруй бие даан нэр дэвшигчид өрсөлдөж байгаа юм байна. Санал хураалтын урьдчилсан дүн өнөөдөр орой гарах боловч парламентын дээд, доод танхимыг ирэх гуравдугаар сард бүрдүүлэх гэнэ. Египетийн шинэ Засгийн газар “Muslim Brotherhood” хэмээх Исламын бүлэглэл болон Хосни Мубаракийн хуучин намын зарим гишүүдийн зүгээс  хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэж ажиглагчид таамаглаж байгаа аж.  Ирэх жил шинэ үндсэн хууль батлахаар төлөвлөж буй Египетэд цэргийн эрх мэдэлтнүүд болон парламентын эрх мэдлийг хэрхэн хуваарилах нь бүрхэг хэвээр байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж