Б.Эрдэнэбилэг хүний амь хөнөөснөө хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэбилэг хүний амь хөнөөснөө хүлээжээ

Баянзүрх дүүргийн шүүхэд  дөрвөн хүний амь хөнөөсөн Б.Эрдэнэбилэг, нэг хүний амь нас санаатай хөнөөсөн хэрэгт  холбогдсон Ш.Гантулга нарт холбогдох хэргийн анхан  шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг дөрвөн цаг орчим хэлэлцээд, 2009 оны нэгдүгээр сард Баянгол дүүрэгт М гэх залуугийн амийг хөнөөсөн, улмаар танхай, хүчингийн хэрэг үйлдсэн, 2011 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд гэр бүлийн гурван хүний амь насыг санаатай хөнөөсөн гэм буруутай хэмээн үзэж, цаазын ял оноов. Харин 2009 онд Баянгол дүүрэгт М-ийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон Ш.Гантулгад хүнийг санаатай алах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх үндэслэлээр 16 жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан юм. Шүүх хурал хаалттай үргэлжилсэн бөгөөд хохирогчийн талаас шүүх хуралдаанд оролцсон хүмүүсийн ярьснаар Б.Эрдэнэбилэг дөрвөн хүний амийг хөнөөсөн хэргээ хүлээжээ. Тэрбээр шүүх хуралдааны явцад “Өс хонзонгийн сэдэлтээр ийм хэрэг үйлдсэн. Найзалдаг байсан эмэгтэй нь уулзахгүй, зугтаагаад байхаар нь  гэрт нь очсон” гэсэн байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга мөн эсэхийг асуухад “хармааргүй байна” гэжээ.

Талийгаачдын ар гэрийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэв

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсны дараа Б.Эрдэнэбилэгийн гарт амиа алдсан гэр бүлийн гурван хүний ах дүү, хамаатан садантай уулзсан юм. Шүүх хуралдаанд талийгаачдын хоёр хүү нь оролцжээ. Тэд “Шүүхийн шийдвэрт бид сэтгэл хангалуун байна. Хэдийгээр бид нөхөж баршгүй  гарз хохирол амссан ч энэ аймшигт хэргийг үйлдсэн этгээдэд хариуцлага тооцуулах ёстой. Энэ хэргийн талаар хэвлэлээр бичсэн ташаа мэдээлэлд бид залруулга хийнэ. Өмгөөлөгчтэйгээ ярилцаж  байгаад сэтгүүлчдэд мэдээлэл хийх болно. Яагаад араатнаас дор энэ хүний талаар ярихгүй, нууж байх ёстой гэж. Ард түмэн мэдэх ёстой” гэлээ.  Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг талийгаач дүү маань Б.Эрдэнэбилэгтэй  хамтран амьдрагч байгаагүй,  ганцаараа амьд үлдсэн 16 настай хүү сэтгэцийн өвчнөө эмчлүүлэхээр АНУ руу яваагүй гэж байв. Цагдаагийн байгууллагад “Б.Эрдэнэбилэг аав, ээж, эгчийг алчихлаа” гэх дуудлагыг 16 настай бага хүү нь өгчээ. Тэрбээр сэтгэл санааны хүнд цохилтод орсон ч эмчилгээ хийлгэхээр яваагүй, АНУ-д сургуульд сурахаар шалгалтад тэнцээд виз нь гарсан байсан  учраас хилийн дээс алхсан гэнэ. Ямартай ч хохирогчдын ар гэрийнхэн хэвлэл, мэдээллийнхэнд бодит мэдээлэл өгнө гэдгээ хэлсэн юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж