Олон улсын сонирхогчдын боксын холбооноос энэ оны шилдгүүдийг нэрлэсэн байна. Тухайлбал, Бакугийн ДАШТ-ий +91 кг-д түрүүлж, бас шилдэг боксчноор шалгарсан Азербайжаны Магомедрасул Межидов дэлхийн оны шилдэг эрэгтэй боксчны шагнал хүртэх болжээ. Оны шилдэг өсвөр боксчноор өсвөр үеийн ДАШТ-д түрүүлсэн Тажикистаны Асрор Вохидов, оны шилдэг дасгалжуулагчаар энэ жилийн ДАШТ-ээс дөрвөн аварга төрүүлсэн Украины Дмитро Сосновский, оны шилдэг шүүгчээр Ирландын Майкл Галлахер нар шалгарчээ. Шилдгүүд шагналаа 11-р сарын 27-нд Англид зохиогдсон “Лондонгийн Олимпийн сорилго” ОУТ-ий шигшээ тоглолтын үеэр Олон улсын сонирхогчдын боксын холбооноос гардаж авчээ.
Т.Маша