Ардчилсан нам нь ирэх оны орон нутгийн сонгуульд залуучуудыг түлхүү дэвшүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа. Бодлогын хүрээнд өнгөрсөн есдүгээр сард Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд аймгуудын Ардчилсан намын удирдлагуудтай уулзалт хийж, ирэх 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 50 хүртэлх хувийг залуучуудаар бүрдүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгуулж эхэлсэн. Энэ дагуу өчигдөр тус холбоо нь Сүхбаатар аймгийн Ардчилсан намтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Хамтран ажиллах санамж бичигт Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Болор, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга Ж.Батсуурь нар гарын үсэг зуржээ. Цаашид Ардчилсан Залуучуудын Холбоо нь аймаг, нийслэлийн дүүргийн Ардчилсан намын удирдлагуудтай ирэх 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 50 хүртэлх хувийг залуучуудаар бүрдүүлэх асуудлаар хамтран ажиллах ажиллагааг үргэлжлүүлэх ажээ.
Г.Дарь