“Бодлын хулгайч” Эрдэнэтэд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

“Бодлын хулгайч” Эрдэнэтэд нээлтээ хийнэ

1990-ээд оны дуулиант эр, өдгөө сайн сайхан амьдарч яваа “90 саяын” гэх Б.Гансүхийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” кино нийслэлийн кино театруудад нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл болсон билээ. Хүнд нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулсан эл бүтээл орон нутгийг зорьж, өнгөрсөн хугацаанд Дархан, Өмнөговь, Зүүнхараа, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Өвөрхангай аймгийн үзэгчдийн хүртээл болсон бол удахгүй Эрдэнэтэд нээлтээ хийх аж.

“Бодлын хулгайч” кино нь сүүлийн үед төрөн гарсан дэлгэцийн бүтээлүүд дунд тэсрэлт хийж, мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авсан. Киноны гол дүр буюу Б.Гансүхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан, Төмөрт дуучин Б.Батмэнд, Гансүхийн ээжид гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, шоронгийн хянагчид Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Золбоот нар тоглосон. “Бодлын хулгайч” киног олон хүний амьдралыг өөрчлөөсэй гэж зүрх сэтгэлээ шингээн бүтээсэн хэмээн кино багийнхан онцолж байлаа. Тиймдээ ч  “Хүнд зөв мэт санагдавч төгсгөлд нь үхэл рүү хөтөлдөг зам байдаг” гэсэн уриатай эл киног бүтээсэн “Wisdom” кино продакшныхан анхны бүтээлдээ хөрөнгө, зардал хайрлахгүй зориулсан нь “үнэхээр чанартай сайн бүтээл болжээ” гэх олны яриаг нотлох мэт кино театруудад орлогоороо дээгүүрт жагсч, эрэлттэй байгаа юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж