Элчингүүдийг 100 хувийн саналаар дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Элчингүүдийг 100 хувийн саналаар дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суух Элчин сайд нарыг томилох, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Элчин сайд нарыг эргүүлэн татах тухай асуудал хэлэлцлээ. Шинээр Элчин сайд нарыг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан танилцуулсан юм.

Ингээд О.Даваасамбууг Монгол Улсаас Бүгд найрамдах Куба улсад, С.Баярааг Бүгд найрамдах Энэтхэг улсад, С.Хүрэлбаатарыг Японд, Т.Жанабазарыг Бүгд найрамдах Ардчилсан Лаос ард улсад, Б.Дэлгэрмааг Бүгд найрамдах Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилуулах Ерөнхийлөгчийн саналыг гишүүдэд сонсголоо. Тэднийг нэг бүрчлэн хэлэлцүүлэхээр болсон ч хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гарсангүй. Хүн бүрийг 100 хувь дэмжин гараа өргөлөө. Байнгын хорооны 11 гишүүний 100 хувийн саналаар дээрх хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Үүний дараа бүрэн эрх нь дуусгавар болсон элчингүүдийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, мөн 100 хувь дэмжив. Я.Долгоржавыг Куба, В.Энхболдыг Энэтхэг,   Р.Жигжидийг Япон, Т.Батбаатарыг Лаос, П.Гансүхийг Сингапурт суух Элчин сайдаас эргүүлэн татах асуудлыг мөн 100 хувийн саналаар дэмжлээ.
Үүний дараа Х.Жекей гишүүний саналаар Гамшигтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг бусад гишүүд дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж