Хамтын хүчин чармайлт өөрчлөлт авчирна

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Хамтын хүчин чармайлт өөрчлөлт авчирна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ ДОХ/ХДХВ-тэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.  Өнөөдөр ДОХ/ХДХВ тээж буй 34 гаруй сая хүн дэлхий дээр байна. Мөн энэ аймшигт өвчний улмаас 30 гаруй сая хүн амь насаа алдаад байгаа билээ. Арванхоёрдугаар сарын 1 бол дэлхий нийтээрээ ДОХ/ХДХВ-ийн хүний амьдрал, нийгэмд үзүүлсээр ирсэн сөрөг нөлөөний эсрэг хийж буй тэмцлийг нэгтгэх өдөр юм.

Монголын хэвлэл мэдээллийн дамжуулж байгаагаар Монгол Улсад ДОХ-ын 99 дэх тохиолдол бүртгэгдээд байна. Миний бие 2001-2004 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь захирлаар ажиллаж байхдаа ХДХВ/ ДОХ-ын халдварын талаарх мэдээлэл түгээх, ингэснээр тархалтыг хязгаарлах санаачлагыг дэмжин ажиллаж байв.  Мөн Кампуч улсад ажиллаж байхдаа ч тус улс дахь түнш болон хандивлагч байгууллагуудтай  хамтарч, энэ асуудалд анхаарал хандуулж байсан.

Таван жилийн өмнө АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг "Нэгэн нарны дор" нэртэй 26 цуврал, олон ангит кино санхүүжүүлсэн.  ХДХВирус тээгч киноны дүрийн амьдралын бодит байдлыг харуулсан тус киногоор дамжуулан, ДОХ-ын халдвараас хэрхэн сэргийлэх талаар үзэгч олонд мэдлэг мэдээлэл өгч чадсан юм.  Судалгаагаар тус олон ангит киног нийт 200 гаруй мянганд хүрсэн нь энэ ажлын үр дүн юм.

200 гаруй мянган үзэгчийн нэг нь “ДОХ-ын вирустэй ч гэсэн хүмүүс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж, амьдарч, урт  насалж болдог гэдгийг энэ киноноос ойлголоо” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Бас нэг үзэгч тус киног үзсэнээрээ ДОХ-ын халдвартай хүмүүсийн амьдрал, даван туулж буй бэрхшээл, тэдний эрх, нийгэм, сэтгэл санаа, мөн эмчилгээний хэрэгцээ болон хэрхэн тэр хүмүүсийг дэмжих талаар мэдээлэл авсандаа талархаж байсан юм.

ДОХ/ХДХВ-тэй хийх олон улсын тэмцлийн тэргүүн эгнээнд АНУ явсаар ирсэн төдийгүй өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ аюулт өвчинтэй холбоотой олон асуудлыг дэлхий нийтэд тавьсаар байна.  Өнгөрсөн хугацаанд ДОХ/ХДХВ-тэй тэмцэх ажилд олон ахиц дэвшил гарсан ч, бид цаашид Монгол, Кампуч, дэлхий нийтэд илүү ихийг хийх хэрэгтэй байна.

Шинжлэх ухаанд гарч буй шинэ ололт, нээлтүүд ирээдүйг өөрчилнө.  Жишээ нь, ДОХ туссан ч тухайн хүн ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол ДОХ-ын вирусийг эрүүл хүнд халдаахгүй байх магадлал 96 хувьтай байгааг судлаачид тогтоогоод байна.  Шинжлэх ухаан бидэнд ХДХВ-гүй хойч үетэй болох арга хэрэгслийг нээж өгч байна.  Бидний хамтын хүчин чармайлт ДОХ-ыг хязгаарлаж чадна.

Ядуу буурай болон хөгжиж буй орнуудын зургаан сая хүн ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж буй тоо баримт бий.  Энэ эмчлүүлэгчдийн тал хувь буюу гурван сая хүний эмчилгээний зардлыг АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан ХДХВ-ээс сэргийлэх /PERFAR/ хөтөлбөрөөс  гаргадаг бөгөөд үлдэж буй зардлыг нь ХДХВ/ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобал Сан хариуцаж байна.

ДОХ/ХДХВ-тэй тэмцэх НҮБ-ын хөтөлбөр болон бусад түнш байгууллага, оронтой хамтран, АНУ 2015 он гэхэд эхээс хүүхдэд дамждаг ДОХ/ХДХВ-ийг халдварыг зогсоох, мөн эхийг аврах зорилт тавьсан билээ.  Энэ зорилтод хүрэх бүрэн боломж байгааг АНУ-ын PERFAR хөтөлбөрийн хүрээнд 2010 онд 114 мянган хүүхэд эхээсээ ДОХ халдварлалгүй төрсөн баримт харуулна.

Олон хүний амь нас аврахын тулд зөв сонголт, ухаалаг хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.  ДОХ/ХДХВ тээгчийн амь насыг аврахад зориулагдсан эмчилгээ, мөн цаашид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх явдал маш чухал юм. Тиймээс улс орнууд, ард иргэд эхээс хүүхдэд халдварлах явдлаас урьдчилан сэргийлэх, ДОХ-ын шинжилгээнд байнга хамрагдах нь их чухал байна.

Ерөнхийлөгч Барак Обамагийн Дэлхийн Эрүүл Мэндийн Санаачлага нь  PERFAR хөтөлбөрөөр дамжуулан нийтийн эрүүл мэндийн асуудлыг нэгдмэл, өргөн хүрээтэйгээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа билээ. Ухаалаг хөрөнгө оруулалт хийснээр, ДОХ-ын халдвартай хүмүүс тухайн нийгэмдээ хувь нэмрээ оруулах боломжийг бид олгох билээ.

PERFAR хөтөлбөр нь ДОХ/ХДХВ-тэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан ч, ганц улс орон энэ өвчнийг дийлэхгүй билээ.  Энэ асуудалд дэлхийн бүх улс орон төдийгүй хувийн хэвшлийнхэн ДОХ/ХДХВ-тэй тэмцэх Глобал Сангаар дамжуулан, хувь нэмрээ оруулах боломжтой. ДОХ/ХДХВ-тэй тэмцэх Дэлхийн өдөр бид хүрсэн амжилтаа тэмдэглэж, цаашид туулах замаа тодотгох юм.  Шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлаж, мөн хамтдаа хүчин чармайвал бид ДОХ-гүй хойч үетэй болох зорилтдоо хүрэх боломж ойрхон байна.

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтон
11/30/2011
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж