Өөрийн хариуцсан аврах ангийн эд зүйлсдээ хянамгай хандаж, бүгд нэгдсэн журмаар өмсөхөд эвтэй, бэлэн болгож нэг газар тавьдаг аж. Энэ нь ямар шуурхай дуудлага аван гарахад нэмэртэй ба цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй хэмээн ангийн бүрэлдэхүүн ярьцгааж байв. Мөн техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах арга хэмжээг тогтмол зохион байгуулж, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэдэг аврагч, гал сөнөөгчдийн мэдлэг, ур чадвар, ажиллах, амьдрах нөхцөлийг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн нь харагдсан. Ургахын улаан нарнаар өглөө бүр тэд “Өнөөдөр ямар нэг гамшиг битгий болоосой” хэмээн залбирдаг хэмээн ярьсан юм.
Ямар нэг осол гараагүй тохиолдолд байнга бэлтгэл сургуулилт хийж, техникийн бүрэн бүтэн байдлыг сахидаг нь анзаарагдав. Өглөө, өдөр, орой гээд 24 цагийн турш байнгын бэлэн байдалд байдаг учир хоол хүнсний хангамж сайн байдаг талаар ч аврах багийн зарим гишүүн онцолж байлаа. Тэд өөрсдөөрөө бахархдаг. Иргэд ч сүүлийн үед Онцгой байдлын ерөнхий газрын аврах багийнхнаар бахархдаг болоод байгаа. Тухайн өдрийн протокол дээр ямар нэг гамшиг, осол болсон талаар нэгдсэн мэдээлэл байдаг ба хохирлын хэмжээг ч тодорхой тэмдэглэдэг аж. Жишээ нь, “Нийслэлийн хэмжээнд өчигдөр объектын гал түймрийн дөрөв, галын зөрчлийн хоёр дуудлагатай хонож, Нийслэлийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын хэлтсүүдийн Аврах, гал унтраах 10, 26, 34, 63 дугаар ангийн тасгууд ажиллаж, иргэдийн 16 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас аварсан ч 40 сая төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэт хөтлөлт явуулдаг юм байна лээ. Үүнийгээ ч нэгдсэн сайтдаа байрлуулдаг юм билээ. Энэ нь нэг талаасаа ард иргэдэд өөрсдийн ажил үүргээ танилцуулж байгаа хэрэг. Нөгөө талаасаа ил тод байх гэснийх аж.
Аврах ангийн хүчний бэлтгэл их сонирхол татсан. Ямар нэг осол гарсан тохиолдолд аврагчаас хүч, тэсвэр, тэвчээр ихээхэн шаардагддаг нь ойлгомжтой. Хүчний бэлтгэл нь нэг хоёр цагаар үргэлжилдэг юм билээ. Дашрамд сонирхуулахад, Улс тунхагласны баярын өдрөөр Нийслэлийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч цол нэмсэн үйл явдал тохиосон. Орой нь мөн л байнгын бэлтгэлтэй байдаг тул тэдэнд хором ч амсхийх эрх үгүй гэдгийг аль хэдийнээ ухамсарласан нь бахархмаар. Үдшийн бүрэнхийд ч байнга бэлэн байдалд байна. Гэхдээ дуудлага ирэхгүй бол амралтын цаг тэдэнд гаралгүй л яах вэ. Хүн л болсон хойно амралтын цагаараа хоорондоо хөзөр, шатар тоглодог гэдгээ нуугаагүй. Ямартай ч оройны 20 цаг хүртэл сонор сэрэмжтэй байхаас өөр аргагүй гэсэн. Аврах ангийнхан “Бид чинь иргэдээ хамгаалахын тулд л ийнхүү өдөр, шөнөгүй ажилладаг шүү дээ. Биднээс өөр хэн ч энэ албан үүргийг хийж чадахгүй нь ойлгомжтой” хэмээсэн юм.
Хүн болгон өөр өөрийн төсөөллөөр Онцгой байдлын ерөнхий газрыг дүгнэж ойлгодог байх. Гэхдээ тэр болгон өдөр тутмын ажил нь ямар байдаг, иргэд бидний төлөө юу хийдгийг бид тунгаан үзэж байгаагүй болов уу. Ямартай ч нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын нэг өдрийн ажил үүрэгтэй танилцах боломж гарсан юм. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2004 онд гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж, Онцгой байдлын нэгдсэн нэг албыг бий болгосноор нийслэлийн Онцгой байдлын газар байгуулагдсан түүхтэй.
Нийслэлийн Онцгой байдлын газар нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө аливаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйлсийн төлөө нийслэлийн есөн дүүрэгт Онцгой байдлын хэлтсүүд, Аврах, гал унтраах нийт 13 анги, Шуурхай бүлгийн 105, Аврах салбарын мэргэжлийн аврагч нар, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Хэвлэлийн төлөөлөгчийнх нь хэлснээр Онцгойгийнхон 24 цаг ажилладаг аж. Гэхдээ гал унтраах анги нь 24 цаг ажиллаад 72 цаг амардаг гурван ээлжтэй гэсэн. Үндсэн хоёр хэлтэстэй бөгөөд Гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтэс, Гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтэс гэж хоёр хуваагддаг. Нэг өдөрт гал унтраах болон аврах ангид нийт 100 гаруй ажил үүргээ гүйцэтгэдэг албан хаагчид байдаг. Өглөө нь шуурхай зөвлөлгөөнтэй, өдөр нь шаардлагатай гэж үзвэл дахин хуралддаг журамтай аж. Нийслэл хотод байрладаг ОБЕГ-ын аврах багийнхан бүгд өөр өөрсдийн дүүрэгт гарсан гамшиг, осол, гал түймэр зэргийг бүрэн хянаж, байнгын анхааралтай байдаг аж. Улирал тутамд хэд хэдэн тэмцээн уралдаан болдог гэсэн. Энэ нь нийт баг бүрэлдэхүүний байнгын бэлтгэл сургуулилтыг давхар шалгах үүрэгтэй зохион байгуулагддаг тэмцээн аж.
"Улс төрийн тойм" сонин