Булган аймгийн Засаг даргыг огцруулахаар суулт хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Булган аймгийн Засаг даргыг огцруулахаар суулт хийж байна

Ардчилсан намаас Булган аймгийн ИТХ-д нэр бүхий 12 төлөөлөгчийн гарын үсэг бүхий гурван зүйлийн хэлэлцэх асуудлыг ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэд өргөн барьсан байна.
Тус гурван зүйл бүхий хэлэлцэх асуудал нь Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат нь иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлж өнөөдрийг хүртэл хууль бус арга замаар ажиллаж ирсэн үйлдлийг таслан зогсоох гэжээ. Уг бичигт, нэгдүгээрт, Булган аймгийн ИТХ-ын  11 төлөөлөгчийн хоёр нь АН-ын гишүүн байгаа нь нэг талд шийдвэр гаргах, Засаг даргын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэх шалтгаан болж байна. Хоёрдугаарт, нутгийн өөрөө удирдах ёсны дагуу тухайн орон нутгийн эзэмшлийн газрын түрээсийг шууд татан авч аймагт төвлөрүүлж байгаа нь орон нутгийн эрх мэдлийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байгаа. Гуравдугаарт, 2000 оноос хойш өнөөдрыг хүртэл Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа М.Оюунбатыг огцруулах, 10 дахь жилдээ Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2008 оноос хойш сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд олон хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж үзжээ.
Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат нь төрийн албаны шалгалт өгөөгүй гурван хүнийг ажилд авсан нь шүүхээр тогтоогдсон, Атрын гурав дахь аяны хүрээнд Булган аймагт төрөөс хийгдсэн хөрөнгө оруулалт нь жинхэнэ эзэддээ хүрч очоогүй. Сум, багийн Засаг дарга нарт аймгийн төсвөөс олгогдсон мотоциклийг өндөр үнээр нийлүүлж барьцаа хөрөнгө нэрийн дор Засаг дарга бүрээс мөнгө татаж авсан зэрэг зөрчил баримт байгаа аж.
Дээрх гурван заалт бүхий хэлэлцэх асуудлыг ИТХ-ын VI хуралд АН-ын зүгээс хэлэлцүүлэх санал оруулсан ч МАХН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн гэнэ. Харин Булган аймгийн Засаг дарга М.Оюунбатыг өөрийн хүсэлтээр огцортол тайван суулт хийсээр байх гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж