Тэдэнд амьдралыг тод өнгөөр харах тэмүүлэл бий

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Тэдэнд амьдралыг тод өнгөөр харах тэмүүлэл бий

Та хувь тавилан, амьдралын зураг, төөрөг байдаг гэдэгт итгэдэг үү. Эсвэл хүн өөрийнхөө амьдралыг зурдаг гэж боддог уу. Бүх зүйл хоёр талтай байдаг шиг үүнийг хүмүүс өөрөө, өөрийнхөөрөө тайлбарлаж бас ойлгох байх. Аль ч утгаар нь ойлгосон ч гэсэн хүн өөрийгөө 20 жилийн дараа ямар хүн болохыг шууд хэлж чадахгүй. Үүнтэй адил та өөрийгөө хэзээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг болохоо урьдчилж мэдэхгүй. Тиймээс ямар ч хүн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нүд үзүүрлэж, дэлхийд байх ёсгүй, байдаггүй мэтээр гоочилж болохгүй. Тэд харахгүй, сонсохгүй, явж чадахгүй, босож чадахгүй ч байж болно. Гэхдээ тэдэнд амьдралыг тод өнгөөр харах хүсэл, тэмүүлэл бас зорилго бий. Үүнийхээ төлөө шантрах үедээ шантран, зовох үедээ зовон тэмцэж явна. Хөгжлийн бэрхшээлтэй боллоо гээд улсын тэтгэмж аваад хөдөлмөрлөхгүй байх бодол агуулахгүйгээр зүтгэж буй нь сайшаалтай. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо шиг эргэлзээтэй, маргаантай байдаг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 100 гаруй мянгад хүрсэн гэх мэдээлэл бий. Эдгээр иргэдийн өрхийн дундаж орлого, Монголын нийт өрхийн сарын дундаж мөнгөн орлогоос 2.5-3 дахин бага байдаг юм байна. Энэ нь тэднийг нийгмийн ядуу түвшинд буйг нь илтгэнэ. Нөгөөтэйгүүр ийм түвшинд байгаа нь хөдөлмөр эрхлэлттэй нь холбоотой гэх. Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хү­рээнд хөгжлийн бэрхшээлтэй ир­гэнийг нийгэм, хамт олны дунд төлөвшүүлж улмаар тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, амьдралын баталгааг хангах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хү­рээнд хөгжлийн бэрхшээлтэй ир­гэнийг тохирсон ажил, хөдөлмөр эрхлүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг. Үүний нэг бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах үүднээс дэмж­лэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуульд 50 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа гурав, түүнээс дээш хувийн орон тоонд тахир дутуу буюу одой хүнийг ажиллуулахаар тусгасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй ир­­­гэдийг ажилтай, амьдралын ба­талгаатай байлгахын тулд хууль, эрх зүйн орчныг нь ийн шийдвэрлэжээ. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ тухай төдийлөн мэддэггүй. Уг нь өөрт тохирсон, хийж болох ажлаа олбол ажил олгогч таныг ажилд авахад ямагт бэлэн байх хэрэгтэй. Хэрэв ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэн бу­юу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зо­хих орон тоо тутамд сар бүр төлбөр төлж улсын төсөвт төвлөрүүлэх    ёстой. Ха­рин энэхүү төлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнд нийгмийн хамгааллын ар­га хэмжээг санхүүжүүлэхэд зо­риул­даг байна. Мөн төр хөгжлийн  бэрх­шээлтэй иргэнийг тохирсон то­дорхой ажил, хөдөлмөрөөр ханган ажиллуулж буй байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж зохих хөнгөлөлт үзүүлдэг аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд “Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүрт­гэлтэй …хөгжлийн бэрхшээлтэй болох нь холбогдох журмын дагуу тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдсан иргэнийг зургаан сараас доошгүй хугацаагаар ажиллуулж байгаа ажил олгогчид тус албатай байгуулсан гэрээний дагуу нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тухайн ажилтанд эхний зургаан сарын хугацаанд олгосон цалин хөлсний 60 хувийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн олгоно” хэмээн заасан байгаа юм. Энэ нь ажил олгогчдыг хөгжлийн бэрхшээлтэй ядаж нэг хүнийг ажилд авах боломжийг гаргаж өгөх нэг арга юм. Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй, зөвхөн гэртээ суух бус олон нийттэй харилцах, нийгмийн дунд орох бодол олон хүнд бий. “Хийх ажил байхгүй, чадахгүй, бүтэхгүй” гэдгээс нь илүү дээрх хүсэл, зорилгыг нь олж харан нэг хүний амьдралыг өнгөөр будах бийр нь ажил олгогч та бүхэнд байна. Хэрэв уншигч та ажил олгогч бол үүнийг бодоход илүүдэхгүй биз.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих, нийгмийн даат­галын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, соёл урлагийн үйлчилгээ зэрэг олон нийгмийн хамгааллын хүрээнд амьдардаг. Тэдний нийгмийн халамжийн үйл­чилгээ, хөнгөлөлтөд 341.9 мянган хүн хамрагдсаны 9.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байв. Төр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэдэггүй. Харин тэднийг асарч, хамгаалж буй хүмүүст тэтгэмж олгодог байна. Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний аравдугаар сарын байдлаар нийт тэтгэвэр, тэтгэмжийн 4.1 тэрбум төгрөг буюу 7.7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй хүмүүст олгожээ.  Тэд төрөөс дэмжлэг, халамж хүртдэг ч сэтгэл зүрхэнд нь хоосон орон зай байсаар байдаг. Харин хамгийн сайн эм, орон зайг нь дүүргэх хүч зөвхөн олон нийтийн дундаас л гарч ирдэг. Тиймээс тэдэнд хүч хайрлацгаая.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж