”Хавтаст хэрэгтэй танилцаад уйлсан гэсэн”

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

”Хавтаст хэрэгтэй танилцаад уйлсан гэсэн”

Дөрвөн хүний амь насанд хүрсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэбилэгийг шүүх хурал эхэллээ. Түүнийг хоёроос дээш хүний амийг санаатай хөнөөсөн, дээрэм, танхай, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд буй. Түүнтэй хамт Ш.Гантулга гэх залуу хүний амь нас санаатай хөнөөсөн, танхайрсан гэх үндэслэлээр шүүгдэж байгаа юм. Шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд 10.30 цагт эхлэхээр товлогдсон ч зарим өмгөөлөгч  нарыг хүлээсээр 12.00 цагийн үед  хэргийг хаалттай хэлэлцэж эхэлсэн юм.

Шүүх хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, даргалагч шүүгчээр Б.Баатар, шүүгдэгч Б.Эрдэнэбилэг,  Ш.Гантулга, тэдний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр З.Төмөрхүү, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар оролцож байна.

Шүүх хурал эхлэхийн өмнө шүүгдэгч Ш.Гантулгын авга ах Т.Пүрэвсүрэн, авга эгч Т.Өлзийбаяр нартай цөөн хором ярилцлаа.

-Б.Эрдэнэбилэгт холбогдох хүний амь нас хөнөөсөн гэх хэрэгт танай дүү хамт холбогдсон гэсэн. Чухам юу болсон юм бол?

-Аль 2009 онд гарсан хэрэг. Би Ш.Гантулгын аавынх нь ах байгаа юм. Хүү нь гэмт хэрэгт холбогдсоны дараа эцэг, эх хоёр нь 40 гаруйхан насандаа нас барсан. Хүн сэтгэл санаагаар  л явчихдаг юм  байна. Манай дүү Ш.Гантулга бол амьдралын төлөө гэсэн зорилготой, БНСУ-д ажиллаж байгаад ирсэн, төлөв даруу хүүхэд. Тэр нэг гайтай өдөр найз Мэндээтэйгээ /талийгаач болсон/ явж байгаад Б.Эрдэнэбилэг нарын хүмүүстэй таарсан юм билээ. Манай дүү талийгаачийг Мэндээ ах гэж дууддаг байсан. Тэгээд нэг айлд нь очоод архи ууцгаасан  гэсэн. Тэгтэл Б.Эрдэнэбилэг  нөгөө хэдийгээ зодолдоод байна гээд хүлсэн. Хүлэхдээ хөл дээр нь дарсан  гэдэг. Тэнд тэр хоёроос гадна дахиад хоёр хүн байсан юм билээ. Тэгээд  л манай дүү яваад өгсөн гэсэн. Тэр хойгуур нь Мэндээ амиа алдаж, Б.Эрдэнэбилэг хүчингийн хэрэг үйлдсэн шиг байгаа юм. Дүү маань хүний амь санаатай хөнөөсөн гэмт хэрэгт огт буруугүй. Архи уусан, маргалдсан гэдэгт дүүгээ өмөөрөхгүй. Гагцхүү хүн амины хэрэгт уначих вий гэж  залбирч байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Б.Эрдэнэбилэг дахин гурван хүний амь хөнөөсөн талаар нэлээд сүртэй мэдээлсэн. Үүнээс болоод танхайн зүйлчлэлд хамаарч байсан манай дүүг дахин хорилоо. Шүүх хэрхэн шийдэхийг хүлээж л байя. Зарим хэвлэлд ар гэр нь  баян цатгалан, танил талтай гээд батлан даалтад гарсан мэтээр бичсэнд харамсч байгаа. Иймэрхүү мэдээллээс болоод хуулийнхан болгоомжилдог юм шиг байна.

-Ш.Гантулгыг хоригдож  байх үед эцэг, эх нь нас барсан юм уу?

-Тийм ээ. Аав, ээж нь хоёул урлагийн хүн байсан. Ээж нь УДЭТ-ын хөгжимчин, аав нь бас урлагийн мэргэжилтэй, хоёулаа Соёлын тэргүүний ажилтан хүн байсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 20 жилийн ял оноосон шийдвэрийг сонсоод ээж нь ухаан алдаж, зургаа хоног ухаангүй байж байгаад нас барсан. Удалгүй эцэг нь нас  барсан.  Хэдхэн хоногийн өмнө /энэ сарын 16-нд/  өвөө нь  өөд боллоо. Энэ  айл гал голомтоороо сүйрч, маш хүнд байдалд байгаа. Сэтгэл санаатай л холбоотой шүү дээ. Дүү маань ээжтэйгээ уулзаж чадаагүй, аавынхаа шарилыг шарил хадгалах газарт байхад нь очсон. Хүн бүр “Яасан азгүй хүүхэд вэ. Ямар гайгаар Эрдэнэбилэг гэж хүнтэй таарав аа” гэдэг.

-Танай дүү Б.Эрдэнэбилэгтэй найз, нөхөд байсан уу. Яаж таньдаг байсан юм бэ?

-Б.Эрдэнэбилэгтэй найз нөхөр яваагүй. Харин талийгаач Мэндээтэй БНСУ-д хамт ажиллаж байсан юм билээ. Эрдэнэбилэг Мэндээг таньдаг, тэд нар таараад хамт айлд очсон байх. Манай дүү бол Эрдэнэбилэгийг огт танихгүй. Бид нар талийгаач Мэндээгийн ээжтэй уулзахад “Бид нар Эрдэнэбилэгт л гомдолтой байна. Гантулга тийм юм хийх хүүхэд биш, гомдолгүй гэж байсан”

-Та нар Ш.Гантулгатай хэзээ уулзсан бэ. Өөрөө юу ярьж байх юм?

-Б.Эрдэнэбилэг гурван хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдож, дүүг маань хорьсноос хойш уулзаж чадаагүй. Аавын маань бие тааруу, сахиуртай байсан болохоор зав гарахгүй байлаа. Сая шүүх хуралд ирж байгааг нь харлаа. Сахал нь ургаад, царай алдсан байна. Шүүх хурлын дараа хэдэн үг солих гээд л хүлээж сууна. Өмгөөлөгчтэй нь уулзахад, хамгийн сүүлд хавтаст хэрэгтэй танилцуулахад Эрдэнэбилэгийн хийсэн хэргийг уншаад уйлсан гэсэн. Хэргийг нь нэгтгэсэн болохоор  хавтаст хэрэгтэй танилцах хэрэгтэй гэсэн юм билээ. Үнэхээр л танхай юм байсан бол тэгж уйлах уу даа. Аав, ээжээ алдсан, өөрөө хэрэгт холбогдсон хүнд тийм аймшигтай юм унших хэцүү байсан байлгүй.

-Б.Эрдэнэбилэгийн ар гэрээс шүүх хуралд ирж байв уу. Та уулзаж байсан уу?

-Уулзаж байгаагүй ээ. Сонсоход оршуулгын зардлыг нь хүртэл өгч чадахгүй, хэцүүхэн л амьдралтай айл юм шиг байна лээ. Шүүх хуралд нь нэг эмэгтэй ирсэн харагддаг. Гэхдээ ар гэрийнхнийх нь хийсэн хэрэг биш. Тэр хүнд ч бас хэцүү л байдаг байлгүй.

Ийнхүү бидний яриа өндөрлөсөн юм. Тэд Б.Эрдэнэбилэгийн хомрогонд дүү Ш.Гантулгыг олон жилийн ял авах вий хэмээн санаа зовж буйгаа дахин, дахин хэлж байв. Шүүх бүрэлдэхүүн асуудлыг ялгаж, салгаж шийднэ гэдэгт итгэж буйгаа ч илэрхийллээ.

Шүүх хурал хаалттай үргэлжилж байна. Шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

 М.ОДГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж