К.Макрэй золгүй явдлын талаар мэдэгдэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

К.Макрэй золгүй явдлын талаар мэдэгдэл хийлээ

Оюутолгой төслийн тал­байд ажиллаж байсан нэгэн залуу нас барсан тухай  өн­гөрсөн долоо хоногийн сүүл­чээр хэвлэлүүд мэдээлж байв. “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд нийт ажилч­дынхаа өмнөөс талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэр­хийлж буйгаа сайтаараа мэ­дээлсэн. Талийгаачийн цогц­сыг өнгөрсөн бямба гарагт ажилч­дын хоолны газрын орчмоос олсон аж. Түргэн тус­ламжийнхан хэргийн га­зарт нэн даруй очсон ч ха­рамсалтай нь амь насыг нь аврахад хэтэрхий оройтсон байжээ. Шөнийн ээлжийн ажилч­дад энэхүү хэрэг явдал хүн­дээр туссан бөгөөд тэдэнд эмч нар сэтгэлзүйн зөвлөгөө өгч байгаа ажээ.

Одоогоор энэхүү золгүй явдлын учир шалтгааныг олохоор хуулийн бай­гууллагууд шалгаж эх­лээд байгаа юм байна. Мөн та­лийгаачийн гэр бүлийг хүндэтгэн энэ хэргийн талаар болон талийгаачийн талаарх хувийн мэдээллийг олон нийтэд өгөх боломжгүй гэж “Оюутолгой” ком­панийн зү­гээс мэдээлж байв. “Оюутолгой” ХХК-ийн Ерөн­хийлөгч бөгөөд Гүй­цэтгэх Ерөнхий Захирал Ка­мерон МакРэй саяхан гарсан хоёр золгүй явдалд компанийн  зүгээс авч байгаа арга хэмжээтэй танилцахаар өнгөрсөн лхагва гарагт төслийн талбайд очсон байна. Тэрбээр Оюутолгой дахь ме­нежерүүд, ажилтнууддаа болсон хоёр золгүй явдлын талаар бүрэн мэдээлэл өглөө. Түүний хэлснээр арваннэгдүгээр сарын 17-ны пүрэв гарагт төслийн талбайн ариун цэврийн өрөөнд гэрээт компанийн эмэгтэй ажилтан руу нэг эрэгтэй дайрсан байна. Эмэгтэй гэмтэж бэртээгүй бөгөөд түүн рүү дайрсан хүнийг олж илрүүлэн,  хариуцлага хүлээлгэх ажилд холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөн арваннэгдүгээр сарын 19-ний бямба гаригт “Си Ай Эс” хэмээх Францын гэрээт компанийн ажилтан монгол залууг төслийн талбайд нас барсан байхыг олсон бөгөөд одоо цагдаагийн байгууллага уг хэргийг шалгасан хэвээр байгаа аж. “Оюутолгой төслийн талбайд өөр ямар нэг золгүй явдал, осол хэрэг гараагүй болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

Ноён Камерон МакРэй хэлэхдээ “Юуны өмнө Оюутолгойд байгаа бүх хүний өмнөөс нас барсан залуугийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гээд “Бид төслийн зүгээс түүний гэр бүлийнхэнд хэрэгтэй бүхнээр дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Ар гэрийнхэн нь төслийн талбайд ирж үзсэн. Цагдаагийн мөрдөн байцаалт, шалгалтын шаардлагын улмаас бид одоогийн байдлаар төслийн талбайд гарсан энэ золгүй явдлын талаар өөр зүйл мэдээлэх боломжгүй. Олон нийтээс тэвчээртэй байж цагдаа нарт ажлаа хийх боломж олгохыг хүсэх байна. Мөн энэ боломжийг ашиглан Оюутолгой төслийн ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэнд төслийн талбай аюулгүй бөгөөд ийм төрлийн гэнэтийн золгүй тохиолдол ховор байдаг гэдгийг ахин батлан хэлэх хүсэлтэй байна. Ажилтнуудын аюулгүй байдал бидний эн тэргүүнд тавьдаг асуудал. Тиймээс бид 11,000 ажилтныхаа аюулгүй байдлыг хан­гах үүднээс төслийн талбайд Мон­голын компаниудын 200 гаруй харуул, хамгаалалтын  ажилтныг ажил­луул­даг. Манай гэрээт компанийн 34 ажил­чин  уг золгүй явдлаас шалтгаалан ажлаасаа чөлөө авсан байгаа. Тэдний үүрэгт ажлыг бусад ажилчид ээлжлэн гүйцэтгэж байна. Эхний 34 хүн удахгүй буцаж ажилдаа орох бөгөөд тэд ажил хаяагүй. Тэдний ажлын байр нь баталгаатай байгаа” гэж ярилаа.  

Одоогоор Оюутолгой төслийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа юм байна. Дашрамд дурьдахад Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Оюутолгойн зэс, алтны орд газарт цагдаагийн гэрээт хамгаалалт ажиллуулах шийдвэр гаргасан. Цаашид төслийн талбайд ч Засгийн газраас ийм хүч, хамгаалалт тавьж болохыг үгүйсгэх газаргүй. Хэдийгээр ихэвчлэн гэрээт байгууллагын ажилтнуудаас гэмт хэрэг, осол эндэгдэлд өртөх байдал ажиглагдаж буй ч төсөлд хамааралтай бүхий л талбай, нөлөөллийн бүсэд хатуу чанд хамгаалалт хэрэгтэйг нөхцөл байдал харуулж байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Оюутолгой төслийн талбайд ажиллаж байсан цэвэрлэх байгууламжийн угсралт  ашиг­лалтын ажил гүйцэтгэгч гэрээт компанийн  хоёр ажилтан ослын улмаас амиа алдсан. Тухайн үед “Оюутолгой” ХХК-ийн Ерөн­хийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРэй Өмнөговь аймаг дахь төслийн талбайд хүрэлцэн очиж, төслийн ажилчидтай биечлэн уулзаж эмгэнэл илэрхийлсэн. Мөн Гандантэгчинлэн хийдийн лам нар болон сэтгэлзүйчид төслийн талбайд очиж ажилчидтай уулзан зөвлөгөө өгч, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байв. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй Оюутолгойн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэхээр “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” болон “Флюр” компанийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг ирж ажиллахаар болсон тухай манай сонин мэдээлж байсан билээ.

Үүний дараа өнгөрсөн зур­гаадугаар сард тус төслийн хэсэг ажилтан хоолны хордлого авсан тухай мэдээлэл дуулиан тарьсан. Өвчний шинж тэмдэг анх илэрмэгц Оюутолгой компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авч эмнэлгийн туслалцаа үзүүлсэн. Мөн эмнэлгийн нэмэлт багийг Улаанбаатар хотоос Өмнөд кемпэд ажиллуулж байв. Өмнөд кемпэд төслийн нийт 12,000 гаруй ажилтнуудын нэг хэсэг болох 480 гаруй ажилтан байрладаг аж. Төд удалгүй хордлого авсан ажилчдын зарим нь эдгэрч ажилдаа буцаж орох боломжтой болсон талаар мэдээлсэн.

 Энэ мэтчилэн олон хүүхэдтэй ай­лын зовлон их байдгийн адил “Оюутолгой” ХХК гэдэг их айлаас таагүй мэдээлэл олонтаа дуулдах болов. Гэхдээ их бүтээн байгуулалтын ажлын үр дүн, манай эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг үүнтэй холбон сөргөөр тайлбарлаж болохгүй. Өмнийн говьд хэрэгжиж буй Оюутолгой төсөл нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнд тусгаснаас илүү тооны монголчуудыг ажлын байраар ханган ажиллаж буйгаа өнгөрсөн сард мэдээлж байсан. Гэрээний дагуу Оюутолгой төслийн ажиллах хүчний 60 хувь нь монголчууд байх ёстой. Харин одоогийн байдлаар монгол ажилчдын тоо 63.34 хувьтай байгаа юм.

Мөн тус компаниас хийсэн мэдэгдэлд Оюутолгой төсөлд нийт 11,928 монголчууд ажиллаж байгаа бөгөөд үүнд Оюутолгой төслийн талбайд ажиллаж байгаа 7710 хүн, тэтгэлэгт сургалтын хөтөлбөрт хамрагдаж байгаа 3300 хүн, Улаанбаатар хотод болон Монгол орны өөр бусад орон нутгуудад ажиллаж байгаа 456 хүн тус тус багтсан тухай дурьдсан байдаг.

Дээрх тоо Оюутолгой төслийн “Монголчуудад давуу эрх олгох санаачилга” хөтөлбөрийн үр дүнг илтгэн харуулж байна. Оюутолгой төслийн ханган нийлүүлэгчдийн жагсаалтад 1000 гаруй дотоодын компани бүртгэлтэй байдаг. Хамгийн сүүлийн мэдээллээр л гэхэд  тус компаниас зарцуулсан нийт 2.5 тэрбум ам.долларын нэг тэрбум нь Монголын ханган нийлүүлэгчдэд очсон байна. Мөн Өмнийн говьд дэд бүтцийн 12 төсөл хэрэгжиж буйн тавыг нь Монголын компаниуд 100 хувь бие даан хэрэгжүүлж байна.

“Оюутолгой” компанийн Ерөн­хийлөгч Камерон МакРэй “Оюу­толгой төсөл зорилтот хэмжээнээсээ давж гарсан тооны Монгол ажилчидтай байгаа талаар мэдээ нь манай компани Монголчуудын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүрэн биелүүлж чадаж байгааг батлан харуулж байна. Оюутолгой төслийн үйл ажиллагаа Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд явагддаг бөгөөд гэрээгээр төслийн барилгын ажлын явцад нийт ажилчдын дор хаяж 60 хувь нь, уурхайгаас олборлолт хийж эхлэх үед нийт ажилчдын 90 хувь нь монголчууд байх учиртай. Бид Монгол компаниудад ур чадвар, шинэ мэдлэг олгож байгаа бөгөөд энэ нь аль аль талдаа ашиг тусаа өгнө” хэмээн дурьдсан байна.

Үнэхээр ч их бүтээн байгуулалт өрнөж буй голомтод шил дараалан аймшигт гэмт хэргүүд гарч байгаа нь харамсалтай. Гэвч Монгол Улсын хөгжил дэвшлийн оргил цаг ирж байгаа энэ цаг үед бид дээрх шалтгаан нөхцөлөөс болж зорилгоосоо няцах эрхгүй билээ.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж