Ингэхэд Н.Алтанхуяг дарга аа. Намынхаа Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулахаас та юунд тэгтлээ эмээнэ вэ.
Эрх баригч хүчнийхэн Н.Энхбаярын зүгээс асаасан “гал”-ыг түр зогсоогоод ч болтугай Бага хурлаа хуралдуулчихлаа. Лидерүүдийн эрэмбэ, тэдний зохиосон сценари ёсоор ааштай, амбицтай, авлигад нэр холбогддог, намаа муулдаг, “Намын дарга, Ерөнхий сайдыг огцруулна” гэж дайрдаг нөхдөө улс төрийн нэгэн хэмнэлд оруулж чадлаа. “Мажоритари тогтолцоогоор сонгуульд өрсөлдөж, УИХ-д ямагт олонхийн суудалд залардаг байсан үе минь өнгөрөх вий” гэсэн айдастай байгаа ч эрх баригч хүчнийхэн “Ирэх сонгуулийг ямар ч тогтолцоогоор явуулсан манай нам ялна” гэсэн итгэлийг гишүүддээ бага ч болтугай төрүүллээ. “Номхон даруу, ноомой дипломатч зантай” гэгддэг ч Ардын намын дарга С.Батболд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 20 жилийн төлөвлөгөөний төслийг гишүүддээ танилцуулж, ёс зүйтэй, нэгдмэл, хариуцлагатай байхыг сануулав. “Намынхаа шинэчлэлийг эрчимжүүлж, намын гишүүд, аймгуудын Засаг дарга нар, улс төрийн өндөр албан тушаалтнуудынхаа тайланг сонсоно” гэнэ, бас. Харин Н.Алтанхуяг дарга танд ямар төлөвлөгөө байна вэ. “Сонгууль бол сонгууль. Ардын нам олонхи, манай нам цөөнх болох нь тодорхой. Тийм юм чинь засаглалын дараагийн хуваарилалтад хэрхэн оролцохоо л бодох нь зөв. Харин тэр үед Ардчилсан намын биш, “Алтангадас”-ынхаа ашиг сонирхолд нийцсэн ямар нүүдэл хийх вэ” хэмээн тооцоолж сууна уу. Ардын намынхан улс орны хөгжлийн 20 жилийн стратеги боловсруулчихаад байхад танай намынхан “Монгол хүн 2020” хэмээн популизм хийж, ирэх найман жилийн төлөвлөгөөгөө танилцуулсаар байх гэж үү. Тэгвэл уучлаарай. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй хоёр намынхан 2008 онд байгуулсан гэрээ ёсоор Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх нь тодорхой. УИХ-ын 2012 оны сонгуулийг 48:28 гэсэн хувилбараар явуулах нь бүр ч ойлгомжтой болж байна. Тиймээс Ардын намынхан УИХ Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлахаас урьтаж, Бага хурлынхаа гишүүдийг эрэмбэнд нь орууллаа. Хүний, өөрийн фракцийнх, “Н.Энхбаярын тагнуул”, энэ тэр гэж цэрвэлгүйгээр сонгуулийн тактикаа хамтдаа боловсруулахаар болов. Сонгогчдын дийлэнх хувийг эзэлдэг залуучуудын төлөөлөл болгож Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ардын намын нарийн бичгийн даргаар сонголоо. “Намын сонгуульт ажилд оролцох эмэгтэйчүүдийн квот 25 хувь байна” хэмээн дүрэмдээ тусгаж, дөрөв дэх засаглалаас Д.Сарангэрэлийг, орон нутгийн төлөөлөл дундаас Ц.Цогзолмааг нарийн бичгийн дарга болгов. “Эрхэм гишүүдийнхээ элч болог” хэмээн УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшинийг мөн нарийн бичгийн даргаар сонгочихлоо. Н.Алтанхуяг дарга аа, та энэ тухай сонссон биз дээ. Намын эрх ашгийн төлөө улс төр, эдийн засгийн өөр, өөр ашиг сонирхолтой бүлэглэлүүд ийн нэгдэж чаддаг юм байна. “Надад л ашигтай бол намаа зарчихсан ч яах вэ” гэж боддоггүй л юм байна. Хэрэв Ардын нам “Алтангадас” хэмээх фракцитай байгаад, түүнийг нь С.Батболд тэргүүлдэг байсан бол “Манай фракци намын Удирдах зөвлөл, Бага хуралд олонхи юм чинь энэ муусайнууд яадаг юм. Х.Баттулга, З.Энхболд хоёр хоосон хана руу хэчнээн хашгираад яав л гэж” хэмээн лав бодохгүй байх байсан даа. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан бол нам доторхи институцийн ердийн л нэгэн арга хэмжээ. Сүүлийн үед л сүр сүлдгүй болцгоосноос биш “Бид ардчилсан хувьсгалын партизанууд. Манай нам бол сөрөг хүчин” хэмээн гишүүд нь өөр хоорондоо арцалдаж, тэрсэлдэж, хаалга саван гарцгаах нь байдаг л нэгэн үзэгдэл шүү дээ. Тэглээ гээд энэ нам төрөл арилжсан гэж үү. Муу ч гэсэн сөрөг хүчин хэмээх тодотголтой, УИХ-д цөөнхийн суудалтай оршин тогтносоор л ирсэн биз дээ. “Хамтарсан Засгийн газрын танхимд багтаж, Ардын намын халаасны өрөөнд амьдарч байгаа” хэмээн гоочлуулдаг ч Ардчилсан нам улс төрийн цэснээс хасагдчихаагүй л байна. Заргач З.Энхболдоос эмээж, Х.Баттулга хөмсгөө зангидахаас айж суухын оронд Н.Алтанхуяг дарга та Үндэсний зөвлөлдөх хороогоо нэн яаралтай хуралдуулагтун. Төсөв, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хугацаа давчуу ч УИХ өнөө, маргаашгүй баталчихна. Харин одоо танай нам л тактик ч үгүй, төлөвлөгөө ч үгүй байгаа харагдана. Муу нэртэй, луу данстай ч МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх сонгуульд өрсөлдөх “жор”-оо өөр намын дарга М.Энхсайхантай хамтран найруулж эхэлсэн шүү дээ. Гэтэл Н.Алтанхуяг та “Албан тасалгааны цонхоор Ардчилсан нам Ардын намтай хамтраад л сайхан харагдаж байна шүү” хэмээн дуулсаар байх уу. Хамтарсан Засгийн газар мөнх биш, харин Ардын нам, Ардчилсан намынхан үүрдийн өрсөлдөгчид гэдгийг битгий мартаарай, Н.Алтанхуяг дарга аа. Ямартай ч Ардын намынхан хүний, өөрийнхөнд улс төрийн дохиогоо өгчихлөө. Танай намынхан үүнд ямар хариу өгөхийг харж л байя.
"Улс төрийн тойм" сонин