Э.Энхбат: Шийдсэн мэхээ хийж байж л санаа амардаг

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Э.Энхбат: Шийдсэн мэхээ хийж байж л санаа амардаг

Сүүлийн үед үндэсний бөхөөр тогтмол амжилттай барилдаж байгаа бөх бол Булган аймгийн Могод сумын харьяат улсын начин Э.Энхбат. Жин багатай ч хэр баргийн хүнд бярдуулаад байдаггүй, дайчин барилдаантай тэрээр Улс тунхагласны ойн барилдаанд гурвын даваанаас хойш үзүүштэй олон мэхний хувилбараар “Бөхийн өргөө”-нд цугласан олныг суудлаас нь өндөлзүүлж үзүүрлэсэн юм. Улс тунхагласны 87 жилийн ойн барилдаанд урамтай сайхан барилдаан үзүүлж бөх сонирхогчдыг баясгасан улсын начин, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Э.Энхбаттай ярилцлаа.

-Үзүүштэй барилдаанаараа үзэгч­дийг баясгасанд баярлалаа. Мөн томоохон барилдаанд үзүүр­лэсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Санасан барил­даа­наа хийхийг зорьсон. Зорилго маань биеллээ. Мэдээж аливаа барилдаанд түрүүлэх гэж зодоглодог. Гэхдээ энэ удаа би түрүүлсний дайтай амжилт гаргасан гэж бодож байна.

-Тэгэлгүй яах вэ. Үнэхээр энэ өдрийн хамгийн үзүүштэй шилдэг барилдааныг та гаргалаа?

-Нэгэнт бөх болсных үзэгчдийг уйдаахгүй юмсан гэж бодож бэлтгэл сургуулилтаа хийдэг.

-Та үндэсний бөхөөс гадна их спортоор хичээллэдэг. Үндэсний бөхөөрөө бэлтгэл хийх боломж, цаг зав хэр гарч байна вэ?

-Гаргалгүй яах вэ. Хэдийгээр одоо олимп болох гээд жүдод гол анхаар­лаа хандуулж байгаа ч гэсэн үндэсний бөхөө орхихгүй ээ. Зав гарвал бэлт­гэлээ хийгээд л явдаг. Үндэсний бөх, жүдо гээд аль алинаар амжилт гарга­хыг хичээж байна.

-Үндэсний бөхөөс гадна их спор­тоор хичээллэж байгаа боло­хоор бэлтгэл их хийдэг байх. Амралтын өдөр гэж байна уу?

-Мэдээж ганц нэг өдөр амралгүй яах вэ. Гэхдээ яг одоогоор бол амрах зав алга байна. Олимп дөхсөн учраас бэлтгэлээ шаргуу хийж, олимпийн эрхийн оноо цуглуулах гээд өдөр бүр бэлт­гэлтэй байгаа. Хажуугаар нь үн­дэсний бөхөөрөө барилдана. Боломж гарвал барилдаан алгасахгүй байхыг хичээдэг. Гэхдээ заримдаа яалт ч үгүй өнждөг.

-Тэгвэл жилийн 365 хоногийн хэдэн өдөрт нь бэлтгэл хийдэг вэ?

-Яг нарийн тооцож үзээгүй. Гэхдээ ихэнхийг бэлтгэлтэй өнгөрүүлдэг.

-Үндэсний бөхөөр цолоо ахиу­лахыг боддог л байлгүй?

-Алхам алхмаар ураг­шилж цолоо ахиулаад үзэгчдийг уйдаахгүй ба­рилдахыг хичээдэг.

-Ирэх жил наадам, бас олимп­той?

-Тийм ээ. Өндөр ачаалалтай байх болно. Наадмын талаар ярихад миний хувьд арай эрт байна. Үүнээс өмнө эхлээд олимпийн эрхийн тэм­цээ­нүүддээ шаргуу бэлтгэж оноо их цуглуулах хэрэгтэй. Лондоны олим­под барилдаж, амжилт үзүүлэх нь миний ойрын гол зорилго юм.

-Та жин багатай мөртлөө өө­рөө­сөө том биетэй хүмүүстэй маш уран барилдаан үзүүлдэг. Том биетэй, жин ихтэй хүмүүстэй ба­рил­дах хэцүү байдаг уу?

-Мэдээж хэцүү талтай. Барил­даан таарахгүй ч байх тохиолдол бай­на. Нэгэнт таарсан болохоор эвийг нь олж барилддаг. Ямар ч бөхтэй барилдаад унасан ч, давсан ч өөрийнхөө шийдсэн мэхийг хийж байж санаа амардаг. Миний тэр зан намайг заримдаа хурцалж өгдөг.

-Яг одоо хэдэн кг жинтэй вэ?

-Тодорхойлсон тоо хэлмээргүй байна. Гэхдээ жүдогоор барилдахдаа 5-6 кг хасдаг.

-Үндэсний бөхөөр барилдаад, да­раа нь жүдогийн тэмцээнд орол­цохдоо жин их хасах хэцүү биз дээ?

-Мэдээж хэцүү байлгүй яах вэ. Нэгэнт их спортыг сонгоод хичээл­лэж байгаа болохоор тэвчих л ёстой. Би жүдог зорьж сонгосон юм шүү.

-Маргааш /өнөөдөр/ Солон­госыг зорих байх аа?

-Тийм. Явах гээд бэлтгэлээ базаагаад л байж байна.

Б.Зул

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж