-Үзүүштэй барилдаанаараа үзэгчдийг баясгасанд баярлалаа. Мөн томоохон барилдаанд үзүүрлэсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Санасан барилдаанаа хийхийг зорьсон. Зорилго маань биеллээ. Мэдээж аливаа барилдаанд түрүүлэх гэж зодоглодог. Гэхдээ энэ удаа би түрүүлсний дайтай амжилт гаргасан гэж бодож байна.
-Тэгэлгүй яах вэ. Үнэхээр энэ өдрийн хамгийн үзүүштэй шилдэг барилдааныг та гаргалаа?
-Нэгэнт бөх болсных үзэгчдийг уйдаахгүй юмсан гэж бодож бэлтгэл сургуулилтаа хийдэг.
-Та үндэсний бөхөөс гадна их спортоор хичээллэдэг. Үндэсний бөхөөрөө бэлтгэл хийх боломж, цаг зав хэр гарч байна вэ?
-Гаргалгүй яах вэ. Хэдийгээр одоо олимп болох гээд жүдод гол анхаарлаа хандуулж байгаа ч гэсэн үндэсний бөхөө орхихгүй ээ. Зав гарвал бэлтгэлээ хийгээд л явдаг. Үндэсний бөх, жүдо гээд аль алинаар амжилт гаргахыг хичээж байна.
-Үндэсний бөхөөс гадна их спортоор хичээллэж байгаа болохоор бэлтгэл их хийдэг байх. Амралтын өдөр гэж байна уу?
-Мэдээж ганц нэг өдөр амралгүй яах вэ. Гэхдээ яг одоогоор бол амрах зав алга байна. Олимп дөхсөн учраас бэлтгэлээ шаргуу хийж, олимпийн эрхийн оноо цуглуулах гээд өдөр бүр бэлтгэлтэй байгаа. Хажуугаар нь үндэсний бөхөөрөө барилдана. Боломж гарвал барилдаан алгасахгүй байхыг хичээдэг. Гэхдээ заримдаа яалт ч үгүй өнждөг.
-Тэгвэл жилийн 365 хоногийн хэдэн өдөрт нь бэлтгэл хийдэг вэ?
-Яг нарийн тооцож үзээгүй. Гэхдээ ихэнхийг бэлтгэлтэй өнгөрүүлдэг.
-Үндэсний бөхөөр цолоо ахиулахыг боддог л байлгүй?
-Алхам алхмаар урагшилж цолоо ахиулаад үзэгчдийг уйдаахгүй барилдахыг хичээдэг.
-Ирэх жил наадам, бас олимптой?
-Тийм ээ. Өндөр ачаалалтай байх болно. Наадмын талаар ярихад миний хувьд арай эрт байна. Үүнээс өмнө эхлээд олимпийн эрхийн тэмцээнүүддээ шаргуу бэлтгэж оноо их цуглуулах хэрэгтэй. Лондоны олимпод барилдаж, амжилт үзүүлэх нь миний ойрын гол зорилго юм.
-Та жин багатай мөртлөө өөрөөсөө том биетэй хүмүүстэй маш уран барилдаан үзүүлдэг. Том биетэй, жин ихтэй хүмүүстэй барилдах хэцүү байдаг уу?
-Мэдээж хэцүү талтай. Барилдаан таарахгүй ч байх тохиолдол байна. Нэгэнт таарсан болохоор эвийг нь олж барилддаг. Ямар ч бөхтэй барилдаад унасан ч, давсан ч өөрийнхөө шийдсэн мэхийг хийж байж санаа амардаг. Миний тэр зан намайг заримдаа хурцалж өгдөг.
-Яг одоо хэдэн кг жинтэй вэ?
-Тодорхойлсон тоо хэлмээргүй байна. Гэхдээ жүдогоор барилдахдаа 5-6 кг хасдаг.
-Үндэсний бөхөөр барилдаад, дараа нь жүдогийн тэмцээнд оролцохдоо жин их хасах хэцүү биз дээ?
-Мэдээж хэцүү байлгүй яах вэ. Нэгэнт их спортыг сонгоод хичээллэж байгаа болохоор тэвчих л ёстой. Би жүдог зорьж сонгосон юм шүү.
-Маргааш /өнөөдөр/ Солонгосыг зорих байх аа?
-Тийм. Явах гээд бэлтгэлээ базаагаад л байж байна.
“Спортын шуудан” сонин