Норвегийн алан хядагчийг сэтгэцийн өвчтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Норвегийн алан хядагчийг сэтгэцийн өвчтэй гэв

Норвегийн хэт барууны үзэлт алан хядагч Андерс Бревикийг шүүх эмнэлгийн эмч нар паранойд маягийн сэтгэцийн өвчтэйг тогтоожээ. Андерс Бревик өнгөрсөн долдугаар сард хоёр удаа халдлага үйлдэж, 77 хүнийг хөнөөх үед хий өвчин нь хөдөлсөн байсан гэж сэтгэцийн эмч нар таамаглаж байна. Дээрх дүгнэлтээс үүдэн түүнийг цуст хэргийнх нь төлөө шоронд биш, сэтгэцийн эмнэлэг рүү аваачих магадлал их ажээ. Хэт барууны үзэлт Андерс Бревик халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч Норвеги болон Европыг лалын шашинтнуудын нөлөөллөөс хамгаалахын тулд зайлшгүй хийх ёстой зүйлийг хийсэн тул өөрийгөө буруугүй гэж өчсөн юм. Андерс Бревикийг сэтгэцийн өвчтэйг тогтоосон шүүх эмнэлгийн 243 хуудас магадлагааг шүүх эмнэлгийн зөвлөл нягталж үзэхээр болжээ. Бревикийн шүүх хурлын эцсийн шийдвэр ирэх дөрөвдүгээр сард гарах юм. Харин норвегчууд 77 хүнийг буудаж, амийг нь хөнөөсөн эрийг сэтгэцийн өвчтэй гэдэгт итгэхийг ч хүсэхгүй байгаа юм. Олон хүмүүс Андерс Бревикийг дээрх халдлагыг эртнээс төлөвлөж, зохион байгуулсан гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Норвегийн шүүх Андерс Бревикийн хэргийг хэрэгсэхгүй болговол тус улсын шүүх засаглалын нэр хүнд унана гэж ажиглагчид үзэж байгаа юм. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж