Урлаг танд хэрэгтэй юу?

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Урлаг танд хэрэгтэй юу?

Энэ асуултад хариулахын өмнө урлаг гэж юу юм бэ гэдэг талаар ярилцъя. Урлагийн тухай онолын тодорхойлолт маш олон бий. Гэхдээ энд урлаг гэдэг чухам юу болох тухай онол ярих шаардлагагүй. “Урлаг бол…” гэх тодорхойлолтыг урлаг судлаачид л хамгийн сайн мэдэх болохоос жир хүмүүсийн хувьд урлагийн тухай онол цээжилж, та бидний амьдралд ямар ач холбогдолтой талаар бодож эргэцүүлэх шаардлага, орчин нөхцөл бас хүсэл сонирхол байгаад байдаггүй.


Харин монголчуудын хувьд урлаг гэдгийг эрт дээр үеэс “Уран сайхан” зүйл хэмээн ойлгож ирснийг нэршлээс нь л ойлгож болно. “Ур” гэдэг нь ухааны ур, мэлмийн ур, гарын ур, ур дүй, ур чадвар, уралдах (ур чадвараараа өрсөлдөх) гээд олон утгаар түгээмэл хэрэглэгддэг гойд онцгой авьяас чадварыг илтгэсэн язгуур үг. Урнаар сэтгэж, сайхнаар үзүүлнэ гэдэг баргийн хүний хийж чадах ажил биш ээ. Өнө эрт цагаас түмний дундаас цолгорч тодорсон онцгой авьяастай ардын билигтнүүд бүтээн туурвиж, уран сайхан чадвараараа ард олныхоо мэлмий, сонорыг мялааж сэтгэлийг баясгаж иржээ. Харин энэ бүхэн нь мэргэжлийн гэрчилгээ олгодог сургуулиар бус үеэс үед авьяас хичээлээр дамжин өвлөгдсөөр ирсэн тул ардын хувьсгалын жилүүдэд ардын урлагийг “сайн дурын уран сайхан” хэмээн нэрлэх болсон билээ.


Харин “урлаг” гэдэг нэр томьёог монголчууд 20-р зуунд л нэн түгээмэл хэрэглэх болж, олон шатны сургууль, мэргэжлийн урлагийн байгууллага үүсгэн, мэргэжлийн түвшинд “урлаг”-ийг үүсгэн хөгжүүлэв. Эрт үед туульч хүн дуучин, хөгжимчин, жүжигчин, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг давхар гүйцэтгэдэг байсанчлан “улаан гэр”, “клуб” нь урлаг уран сайхан, соёл боловсрол, хүмүүжлийн ажлыг зэрэг хүлээж байв. “Мэргэжлийн” уран бүтээлчид, “мэргэжлийн бус” уран сайханчид социалист маягийн соёл боловсрол олгох үүрэг авч, үүнийгээ ч тун сайн биелүүлж байлаа. Гэвч зах зээлийн эдийн засагт дэвшин орсноор өмнө баримталж байсан соёл урлагийн агуулга, зорилго өөрчлөгдөж, улмаар “соёл урлаг ер нь хэрэгтэй юу?” хэмээх асуулт, та бидний өнөөдөр ярилцаж буй олон хувилбартай хариултууд үүссэн билээ.


Урлаг хэрэгтэй юу?Энэ асуултад “Тийм” ба “Үгүй” гэсэн дөрвөн хариулт өгч болно.


Эхний “Үгүй”:


Нэг: Учир нь “Нүдэнд үзэгдэх, гарт баригдах ашиггүй”


Зах зээлийн эдийн засгийн нийгэмд “урлагаар хөөцөлдөх нь” талхны мөнгө олох нь бүү хэл халаасан дах хэдээсээ “хумсалсан” хэрэг болох дэмий үрэлгэн зүйл гэж үзэх хэсэг бий. Социализмын үед төрөөс санхүүжиж, боловсон хүчнээ бэлтгэн бүхий л нөхцөл бололцоогоор хангагдаж байсан соёл урлагийн байгууллагуудад эдийн засаг, нийгмийн шинэ нөхцөл, шинэ үзэгчдэд дасан зохицох боломж хараахан бүрдээгүй тул уран бүтээлч, бүтээл туурвил, үйлчилгээгээр “өлсөж”, үзэгчдээр “цангаж” байгаа. Амаа ангайж, алгаа тосож суугаа “хоолны сав”-ыг тэжээхийг хүсэхгүй байгаа “суусан газраасаа шороо атгах”-ыг шаарддаг хатуу тооцоот нийгмийг буруутгах аргагүй. Харин шугамын нөгөө талд шинэ соргог урлаг соёлын үйлчилгээг үзэгч, олон нийт, иргэд мөн хүлээсээр байгаа…



Хоёр: Учир нь “Маньд хамаагүй, хаданд чимээгүй”


Урлаг гэдэг чинь тэр авьяас билигтэй, эзэмшсэн мэдлэг мэргэжилтэй хүмүүсийн хийдэг ажил гэж боддог хүмүүс ингэж хариулдаг. Жирийн хүмүүсээс тусдаа “хэвийн бус” хэмээх ангилалд багтах зураач, барималч, яруу найрагч, хөгжмийн зохиолч гээд цаанаасаа онгодтой уран бүтээлчид л урлагтай “ноцолдох” учиртай бөгөөд урлагийг “авраад мандуулна уу, алаад хаяна уу” тэдний л хийх асуудал гэнэ. Ийн хариулдаг хүмүүс “мэдэхгүй, ямар мань мэт нь ойлгох биш, бидэнд хүртээлгүй юм байх аа” гэх зарчмаар асуудалд хандана. Нэг талаас социализмын үед байсан явуулын үйлчилгээ алга болсон нь соёл урлагийн үйлчилгээнд хамрагдах явдлыг багасгаж байгаа ч өөр нэг том шалтгаан нь хүмүүсийн амьжиргааны боломж хийгээд идэвхи сонирхолгүй байдал юм гэдгийг 2007 оны “Соёл урлаг хүний хөгжил” судалгааны дүнгээс харж болно. “Нүдэн балай, чихэн дүлий” мэт амьдардаг ийм бодолтой хүмүүс урлагийн хэрэгцээгээ юугаар хангадгийг та бараг гадарлаж буй биз ээ.


Удаах “Үгүй”Гурав: “Завтай мөнгөтэй хүмүүсийн зугаа цэнгэл”


Урлаг уран сайхнаар хөөцөлдөж явах цаг алга, завтай уйдсан хүмүүс л үүгээр хөөцөлдөж өөрсдийгөө зугаацуулж баясгаж байдаг байх гэх хүмүүс хэдий цөөн боловч бий. Тэдэнд урлаг “байлаа гээд илүүдэхгүй, байхгүй гээд дутахгүй” зүйл бололтой. Урлагийг наадам зугаа цэнгээний хэрэгсэл болгох үзэгдэл хаа сайгүй харагдах тул үгүй гэж мэлзэх аргагүй юм, гэхдээ бүх урлаг тийм биш, харин ч завгүй хүмүүсийн ажил хэргийн жагсаалтад урлагтай холбоотой арга хэмжээ, үйл ажиллагаа заавал багтсан байдгийг дурьдах нь илүүц. Урлаг уран сайхны үүргийг зөвхөн унтсаныг сэрээж, уйдсаныг саатуулж байдаг хэмээн ойлговол тун өрөөсгөл болно. Харин мөнгөтэй хүний тухайд өнөөх 2007 оны “Соёл урлаг хүний хөгжилд” нийт орон даяар явуулсан судалгаанд дурьдахдаа хүн амын амьжиргааны түвшин дээшлэх тутам соёл урлагт зарцуулах мөнгө, тавих шаардлага нь тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа ба нийт хүмүүсийн 45% нь алжаалаа тайлахын тулд соёл урлагийн үйлчилгээнд хамрагддагийг харуулжээ. (х.16) Гэхдээ үүний шалтгааныг зугаа цэнгэл хөөх гэж тайлбарлаагүй, харин чөлөөт цагаа өнгөрүүлэх, авьяас сонирхол, бие бялдраа хөгжүүлэх байр сав хомсдолтой учраас үүнийгээ соёл урлагийн үйлчилгээгээр нөхдөг гэсэн дүгнэлт хийсэн болохыг уншигч та эрхбиш анхааран болгооно биз ээ.



Дөрөв: “Хэт туйлширсан урлаг хор болохоос цаашгүй”


Зах зээлийн ороо бусгаа энэ үед урлагт хэн дуртай нь хөл тавьж, нэр хүнд хөөцөлддөг арилжааны шуурга дэгдээд байгаа нь үнэн. Энэ туйлшрал, гадна дотны олон соёлын холимог нь залуу үеийнхний хүмүүжил төлөвшил, цаашдын ирээдүйд ч нөлөөлж байна.


СУИС-ийн дуулаачийн нэг ангид нийтийн дуу дуулах хүсэлтэй 300 гаруй хүүхэд өрсөлдөж, харин сонгодог хөгжмийн ангид гарын таван хуруунд багтах хүүхэд бүртгүүлж байгаа тухай нэгэн багшийн ярианаас л “од” болж, амар хялбар аргаар халаасны ч бус “хаус”-ны мөнгө хийх хүсэлтэй өнөөгийн залуусын дүр төрхийг жишээлж болно. Өмнөх нийгмийн хатуу “цензур” үгүй болж, үзэл суртлын хүчтэй зэвсэг байхаа больсон нь үзэл бодлоо илэрхийлэх, бүтээн туурвих эрх чөлөөг авчирсан ч нөгөө талаар урлагийн мөн чанарыг ойлгоогүй хүмүүсийн хөлд урлаг үрэгдэх шахаж, үнэ цэнэ, чанар нь доройтон, үнэлэмжийг бууруулж байгаа нь үнэнтэй. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг үгийг сануулах хүн ч бас энэ тухайд гарах биз. Угаас малын бэлчээрт дуулж, морин дэл дээр исгэрч явдаг монголчууд урлагт дуртай ард түмэн болохыг “Хүннү нар уртын дуу дуулан, хуур, лимбэ, ятга, бийваа, босоо ятга, бүжигтэй найр хурим хийж цэнгэдэг” хэмээсэн эртний нангиад судрын тэмдэглэлээс авахуулаад “Хүн амын харьцлаар бодвол Монгол улс хамгийн олон шүлэг зохиолчтой улсын нэг. Монголчуудыг шүлэгч, дууч үндэстэн гэдэг нь үнэхээр оноож хэлсэн үг байжээ” (Өвөр Монголын шилдэг найрууллын түүвэр, Б.Зоригт, 2007) гэсэн үг хүртэлх олон сурвалж нотолно. Уран сайхны уламжлал хийгээд хэрэгцээ, ахуй байдал, нийгмийн түр зуурын хөөрөлд дулдуйдсан энэ шуурга зах зээлийн жамаар намдаж, саар нь гээгдэн сайн нь шигшигдэн тунах нь гарцаагүй.


Эхний “Тийм”


Тав: “Гэхдээ Монголд “жинхэнэ урлаг” алга”


Харь газар явж, нүд тайлсан хүмүүс гадаадын урлагийн хөгжил, дүр төрхийг Монголын урлагийн өнөөгийн байдалтай харьцуулж, гоо зүй, мэргэжлийн ур чадвар, техник хэрэгслийн түвшинд болоогүй байна, хангалтгүй, хиймэл дуураймал зүйл их байна гэж дүгнэх нь бий. Мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн уран бүтээл, чадварлаг уран бүтээлчид байгаа боловч үүнийгээ сурталчилах, манайхны хэлдгээр “Пи-Ар” хийх менежмент, маркетингийн чадвар дутмагаас хийсэн бүтээсэн зүйлээ бусдад хүргэх талаар дутмаг байгаа нь булзашгүй үнэн. Энэ нь өнөө л социализмын үеийн сэтгэхүй, зах зээлийн шинэ нөхцөл хоёрын дундах шилжилтийн үеийн шалгуур. Уран бүтээлчид маань өрсөлдөөн дунд амьдарч байна. Уран бүтээлчид өөрсдийнхөө арга барилыг олох, өөрийгөө хөгжүүлэх, шинэ бүтээл хийх байнгын эрэл хайгуулд хатаж явдаг улс тул гадны туршлагыг хэрэгжүүлж үзэх, турших, хуулбарлах нь хааяагүй харагдана. Гэхдээ жинхэнэ авьяасаар “зодсон” монгол бүтээл ч бий, сайжруулж “монголчилсон” бүтээл ч бий, бүр муухан, тар нь танигдахаар хуулбар ч бий. Тэгвэл монгол төрхтэй жинхэнэ урлаг бий болгохын тулд яах ёстой вэ? Урлаг судлаач Ц.Уранчимэг нэгэнтээ “Дэлхийд монголын зураачид өөрийн өнгө төрхөөрөө ялгарч чадна. Гол гарц нь монголын уламжлалт дүр дүрслэл, байгалийн хурц өнгө, тод дүрслэл байдаг” (Зууны мэдээ сонин, 2005 он) гэж хэлсэн бол загвар зохион бүтээгч Баянзул “Гадаадын загварын ертөнцөд үнэндээ бид өрсөлдөж чадахгүй. Гэхдээ үндэснийхээ хувцасны жаахан элементийг оруулахад л шал өөр болоод ирдэг” гэжээ. Мөн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Дорждагва гуайн дуулсан “Дуртмал”-ыг уран сайхны хувьд Бетховений 5-р симфониос дутах зүйлгүй гэж боддог” гэж нэгэн ярилцлагандаа хэлсэн нь бий. Та ч гэсэн наад зах нь “Үгүй энэ дээр үеийн кинонууд мөн сайхан шүү”, “Сайн бүтээл хийдэг байжээ” гэж хэлдэг хүнтэй таардаг л байж таарна. Тэгэхээр зөвхөн гадаадад “жинхэнэ” урлаг байдаг юм биш ээ. “Айлаас эрэхээс авдраа ух” гэдэг дээ.

Зургаа: “Гэхдээ өөр чухал асуудал бишгүй байна”


Урлаг хэрэгтэй байлгүй яахав, гэхдээ улс орны хөгжил буурай, эдийн засгийн тулгамдсан асуудалд дарагдаж, нийгмийн элдэв асуудал овоорчихоод байхад энэ тухай ярихтай манатай гэдэг хүмүүс олон бий. Улсаа эхлээд хөгжүүлчихвэл л урлагаа тордох бодол уг нь байхгүй биш байгаа, гэхдээ урлаг улс орны хөгжилд тус нэмэр болж чадахгүй, дараа нь харж үзэж болох юм гэсэн санаа аанай л энэ “эерэг” хариулт дотор “сэлж” явна. Урлаг нээрээ юугаараа тус болох вэ дээ гэж санал нийлэх бодол уншигч авгай танд төрж байгаа юм биш биз? Нэгэн баримт дурдъя: 2005 онд Монголын Аялал Жуулчлалын Холбооноос монголд ирсэн жуулчдын дунд явуулсан судалгаагаар нийт жуулчдын 80% нь монголын нүүдлийн соёл, ахуй амьдрал, үндэсний урлагтай танилцахаар ирсэн гэж хариулсан байна. Жилдээ манай улсад нийт 280,000-300,000 жуулчин орж гардаг гэсэн статистик тоо байдгийг бодолцвол Монголын эдийн засагт оруулж байгаа соёл урлагийн хувь нэмэр багагүй тоо гарна, мөн соёл урлаг хаа газар эх орныхоо нүүрийг тахалж, сурталчилж байдаг гэдгийг ч анхаарах хэрэгтэй.


Нийгэм дэх эмх замбараагүй байдал, ядуурал, ажилгүйдэл, архидалт гээд жагсаавал нилээд урт тулгамдсан асуудлууд урлагийн урдуур “оочер” дайраад ороод байгаа бололтой. Урлаг энэ дараалалд чихцэлдэж ээлжээ хүлээх бус үүнийг богиносгож зохицуулахад хувь нэмрээ оруулах чадвартай юм. Залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нь ууш зуушийн газар биш өөрийгөө хөгжүүлэх, олон нийтийн ажилд идэвхитэй оролцох спорт, соёл урлагийн газар болбол нэг нэмэр. Уран бүтээлч болохгүй ч урлагийн талаар таньж, гоо зүйн мэдлэгээ дээшлүүлбэл амьдралыг харах цонх нь саруулсах хоёр нэмэр. Юуг ч бүтээн туурвих, шинээр сэдэх барилд суралцвал гурван нэмэр гээд олон нэмэр бий…


Удаах “Тийм”


Долоо: “Би-г төлөвшүүлдэг”


Хүүхэд бүр урлагийн авьяастай байдаг. Асуудал нь хэрхэн уран бүтээлч чигээр нь өсгөх вэ гэдэгт л байдаг” гэж нэгэн алдарт зураач хэлжээ. Нийгмийн үндэс гэр бүл, гэр бүлийн үндэс бие хүн. Бие хүн хэдий чинээ зөв төлөвшинө, нийгэм төдий чинээ эрүүл, зөв оршино. Бие хүн болж төлөвшихөд боловсрол чухал гэж үздэг хүмүүс бий. Маргаангүй зөв. Гэхдээ мэдлэг боловсролоос гадна оюун ухаан, сэтгэхүй гэж бий. Үүнийг орхигдуулбал хүн дүрст чоно өсгөснөөс ялгаагүй хэрэг болох вий. Сэтгэл гэдэг хүний үнэнч шударга, даруу төлөв зан, хүнлэг, өгөөмөр тусч чанар, ухамсар, зөн совин, ёс суртахууны эх ундарга бөгөөд үүнийг шинжлэх ухаан, боловсрол эсхүл өндөр хөгжил өгч чадахгүй, харин үүнийг үүтгэгч том хүчин зүйл нь соёл урлаг юм.


Урлаг нь сэтгэлийн чавхдасыг хөндөж, далд ухамсарт гүн бат хоногших увдисаараа “Би” хэмээх өөрийн үзэл бодол, хүсэл эрмэлзэл, авьяас чадвартай бие хүнийг бүрэлдэхэд ихээхэн үүрэгтэй байдаг. Багаасаа урлагт ойр байсан хүүхэд бие даасан, аливаад хандах үзэл төлөвшиж, хүнтэй харилцах чадвар суусан, идэвхи сайтай, сэргэлэн цовоо байдгийг хүн бүр мэднэ. Хүүхдийн оюун ухааны чадавхийг идэвхижүүлж, оюуны илтгэцүүрийг хөгжүүлдэг “баялаг орчин”-ыг бүрдүүлэхэд урлагийн гүйцэтгэх үүрэг их ээ. Энэ нь амьдралын олон талыг таниулж, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах гол зэмсгийн үүргийг гүйцэтгэдэг оюуны “хөтөч” юм. “Соёл урлаг хүний хөгжилд” судалгаанаас иш татахад нийт судалгаанд оролцогчдын 93 хувь нь соёл урлаг хүүхэд залуучуудыг хүмүүжил төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үзжээ. Мөн соёл урлагийн байгууллагуудын үйлчилгээг дээшлүүлж, албан боловсролд соёл урлагийн агуулгыг оруулж өгөх нь үр дүнтэй гэсэн санал 90 орчим хувь эзэлж байна. Дэмий хэлээгүй нь тодорхой…


Найм: “Бид-ийг бүрдүүлдэг”


Урлаг уран сайхан нь зөв зохион байгуулбал нэг хүнийг төдийгүй нийт хүмүүсийг төлөвшүүлж, нэгэн цул болгодог билээ. Соёл урлагийн хүнд нөлөөлөх, ухааруулан ойлгуулах, уриалан дуудах чадварыг харуулах хамгийн энгийн жишээнд Марзан Шаравын зурсан “Хар шар феодал” зурагт хуудас, өнгөрсөн нийгмийн хүчирхэг суртал ухуулга, сэтгэлд хоногшсон “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөрийн дүр, эсхүл 1990 онд хүмүүсийг сэрээсэн “Хонхны дуу” гээд маш олон зүйлийг дурьдаж болно. Мөн угсаа гарвал, үүх түүх, ёс заншил, үндэсний өв, уламжлалт ардын урлаг нь нийтлэг соёлыг бүрэлдүүлж, үндэстэн хэмээх бүхэл цогц нийгмийг бүрэлдүүлдэг. Өөрөөр хэлбэл өнгөрснийг залгамжлан өнөөдрийг үргэлжлүүлж, маргаашийг угтах сэжим холбоон гол зангилаа нь соёл урлаг билээ.


Нэг үндэстний урлагийг нөгөө үндэстэн нь хэлийг нь мэдэхгүй, өөр шүтлэгтэй учраас ойлгохгүй байна гэж огтоос үгүй. Урлаг нь аливаа үндэстний хэл яриа, соёл заншил, шашин шүтлэг, газар орон гээд ямар ч хил хязгаарт баригддаггүй учир зөвхөн тухайн нийгэм төдийгүй бусад улс орны хүмүүст өөрийгөө таниулах, илэрхийлэх, харилцан ойлголцох маш том гүүр болж байдаг. Дуу хөгжмийн эе зохирол, эгшиг аялгуу, дүрслэх урлагийн бичилт зохиомж, дүр дүрслэл, яруу найргийн хэмнэл айзам, бүжгийн эвсэл хөдөлгөөн, тайз дэлгэцийн бүтээлийн найруулга, өгүүлэмж гээд урлагийн төрөл зүйлийн “орчуулагч шаардлагагүй” шинж чанарууд нь хүмүүсийн харилцан ойлголцох, үзэл бодлоо хуваалцах, эвлэлдэн нэгдэх, хамтран ажиллах том талбар болж байдаг билээ. Үүгээрээ урлаг “би-чи”, “манай-танай” гэх талцлыг арилгаж, “Бид” гэсэн нэгэн том бүхэл айг бүтээх чадалтай юм.


Эдгээр хоёр чиглэлийн дөрвөн түвшний хариулт, найман хэв шинжийн зүүлтээс харахад сөрөг хариултууд бүгд тогтмол бус, цаг зуурын шинжтэй болохыг та анзаарна. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн өнөө үед хүмүүс чадлаараа зүтгэж, хөдөлмөрлөж, уран сайхны болоод соёлын хэрэгцээгээ аль мэдэх арга зам, хүртэц боломжоороо тайлах гэж хичээж буй. Үүнд нь хандах хүмүүсийн хандлага, үзэл бодол ч мөн янз янз байх нь мэдээж. Харин урлаг хэрэгтэй гэсэн эерэг хариултуудыг харахад урлаг нь хүний гоо зүй, ёс суртахуун, бүтээлч чанар, харилцаа холбоо, эв найртай зэрэгцэн аж төрөх ёс гээд хүн гэдэг бодгалийн нийгэмшин амьдрахад зайлшгүй чухал “тогтмол” шинж болох нь харагдана. Урлаг хэрэггүй гэж хэлэх хүн байлаа ч тэр хүн урлагаас ангид амьдрах аргагүй юм. Хүн нийгмээс ангижирвал нэг бол бурхан эсхүл амьтан болно гэдэгчлэн урлагт дургүй, урлагаас тусдаа хол хөндий байх хүн гэж үгүй. Хүмүүсийн зарим нь утга зохиол, яруу найраг, эсвэл дуу хөгжим, бүжиг, зарим нь дүрслэх урлаг, тэр дундаа уран баримлыг таашаадаг байж болно. Тэдний урлагийн таашаал адилгүй, хүн бүр өөр өөр урлагийн төрөл чиглэлийг сонирхож байгаа ч тэдэнд нэг нийтлэг зүйл бий. Энэ бол урлагийг таашааж, урлагаас сэтгэлийн эрч хүч авах явдал. Хүн нэгэнт л робот биш усан нүдтэй, махан зүрхтэй амьд махбодь учраас дан ганц бие махбодыг тэтгэх “түлш” тэжээлээр удаан явж чадахгүй.


Амьдралыг өөдрөг өнгөлөг болгож, хүнд амьдралын баяр баясал, амьдрах эрч хүч хайрлаж, уйтгар гунигийг тайлж, урам зоригоор тэтгэн урагш алхаж, өөдлөн дэвжихэд хөшүүрэг болдгоороо урлаг хүний нийгэмд “локомотив” зүтгүүрийн үүрэгтэй. Чухамдаа урлаг бол хүн байх хөшүүрэг, “оюун ухааны талх” юм.


Өнөөдөр бидэнд зөвхөн ходоодны түлш, тархины талхи бус талх хэрэгтэй байна.


Монголын Урлагийн Зөвлөл


 


 


 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж