Эмнэлгийн өндөр босгыг бид ингэж давдаг

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн өндөр босгыг бид ингэж давдаг

Хаана ч билээ дээ. Саяхан нэгэн малын эмнэлэгт шинэ арга нэвтрүүлсэн тухай сонслоо. Эмнэлгийн дарга нь мэс засалд орсон амьтдыг түргэн хугацаанд нөхөн сэргээхийн тулд усаар эмчилгээ хийх аргыг бодож олж, амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ.

Ингээд зогсохгүй өдрийг үсэрхэг үйлчлүүлэгчидтэйгээ усан санд өнгөрөөх нь түүний хувьд нэр төрийн хэрэг гэж байсан байх шүү. Гэтэл манайд эсрэгээрээ. Малын байтугай хүн эмнэлгийн дарга, эмч нар нь үйлчлүүлэгчидтэйгээ харьцдаг билүү. Улсын эмнэлгийн жишээг л аваад үзэхэд бидний төлсөн эрүүл мэндийн даатгалын мөнгөөр санхүүжиж байгаагаа мартаад хүйтэн хөндий харьцаж, дутуу хагас эмчилгээ хийсэн болоод л гаргадаг жишиг хэдийнэ тогтчихсон.

Энэ хүйтэн хөндий харьцаа, хагас дутуу үйлчилгээг хүртэхийн тулд яажшуухан зүдэрдгийг энэ удаа цухас дурьдая.

Хамгийн эхний даваа бол өрхийн эмнэлэг. Өрхийн эмнэлэгт үзүүлэх гэж нэг их зүдрэхгүй ч зовлон үзсэн чавганцаас тааруухан эмчтэй нүүр тулгарч юуны магад. Эмч маань "Хөнгөхөн шиг ханиад, шуухинаа тусчихсан байна" гэж оношилбол би таньдаг эсвэл хамтарч ажилладаг эмийн сангийнх нь үйлчлүүлэгч болно л гэсэн үг. "Энэ эмийн сангаас л худалдаж аваарай. Өөр газар байхгүй" гээд баахан эмийн жор бичээд өгчихнө.

Харин нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн тохиолдолд ч хэцүүхэн дээ. Хийж өгсөн бичгийнх нь дагуу харьяа эмнэлэг дээрээ очтол "Маргааш өглөө дарааллаа авч байж эмчид үзүүлнэ" гэж хэлнэ. Гэхдээ "Төлбөрөө төлөөд эмчид үзүүлж болно" гэх бас нэг сонголт бий. Үдээс хойш болохоор эмч нар зэрэг, дэвээсээ хамаараад өөрсдөдөө ханш тогтоочихдог юм билээ. Хамгийн бага зэрэгтэй эмч нь 10 мянган төгрөгөөр үздэг бол зэрэг ахих тусам үнэ нь өсөх жишээтэй.

Тиймээс мөнгөтэй бол заавал маргаашийг хүлээж цаг алдалгүй эмчид үзүүлээд оношоо тогтоолгочихож болно гэсэн үг. Харин мөнгөгүй бол маргаашийг л хүлээнэ дээ. Гэхдээ тараах дугаар нь хязгаартай учир мөнгөгүй хүмүүс маргааш нь үүр цүүрээр ирж эмнэлгийн үүд сахисан нь өлзийтэй. Эмч нар улсын ажлыг өдөрт ч хэдхэн л цаг хийгээд үдээс хойшх халтуурны ажилдаа орох ёстой шүү дээ.

Тиймээс үүрээр ирж дараалалд зогссоны хүчинд нэг дугаар олж аваад эмчдээ үзүүлнэ. Энэ хүмүүстэй эмч нар төлбөр өгч оношлуулж байгаа өвчтөнүүдтэйгээ харьцдаг шиг эелдэг харьцах нь юу л бол. Эмч үзсэнийхээ дараа шинжилгээ өг, эхо, гэрэлд харуул гэсэн зааварчилгаа өгнө. Энэ бүгд тус бүртээ төлбөртэй нь мэдээж. Тиймээс эмнэлгийн уртыг хэмжих шахам явж дахиад л уртаас урт дараалалд зогсох хэрэг гарна. Ямар ч хүнд өвчтэй байсан хамаагүй хүмүүс урдуураа оруулна гэдэг худлаа байх. Аз таарч өнөөдөртөө шинжилгээгээ өгч, эхо, гэрэлд харуулчихвал хэд хоногийн дараа хариу нь гарна.

Харин аз таарахгүй бол дахиад л маргааш ирэх хэрэг гарна даа. Хэд хоногийн дараа шинжилгээнийхээ хариуг аваад анх үзүүлсэн эмч дээрээ очиход сая нэг эцсийн шийдийг хэлж өгнө шүү дээ. Голдуу л эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгөөд өвчтөний эгнээнд шилжүүлдэг. Ингэж байж нэг юм өвчтөн боллоо. Гай болж ор хүрэлцэхгүй бол хонгилд гудас тавиад л шалан дээр хэвтэнэ шүү дээ. Бас болоогүй эмнэлэгт нь байхгүй эм, тариа өвчтөний түүх дээр нь биччихсэн байвал өөрсдөө эм, тариагаа олж эмчээрээ тариулна. Эмнэлгийн үйлчилгээг бүрэн биш ч боломжийн хэрээр хүртэхийн тулд эмчлэгч эмч, сувилагч, асрагч нарынхаа гарыг цайлгах нь бичигдээгүй хууль гэлтэй.

Гарыг нь хүндрүүлчихсэн байхад гарыг нь хүндрүүлээгүй хажууд хэвтэж байгаа өвчтөнөөс арай л илүү анхаараад байдаг юм чинь. Эмч өглөө үзэхдээ нэг витамин нэмээд биччих жишээтэй. Сувилагч, асрагч нар юу хэрэгтэй байгааг байн байн орж ирж асууна гээд бод доо. Уг нь бидний эрүүл мэндийн даатгалын мөнгөөр санхүүжиж байгаа эмнэлгийнхэн хэнийг ч ялган гадуурхалгүйгээр үйлчлэх ёстой. Гэтэл бодит байдал нэг иймэрхүү л дүр зурагтай байна. Ингээд дуусаагүй ээ. Миний нэг танил хоёр дүүтэйгээ шүдний эмнэлэгт үзүүлсэн аж. Мань хүн өөрөө даатгалгүй байсан учир мөнгөө төлөөд ломбо тавиулсан юм байх.

Төлбөрөө төлсөн учир төд ч удаагүй гэсэн. Харин хоёр дүү нь даатгалтай болж таарсан юм байх. Гэтэл тухайн эмч нь шүдийг нь цэвэрлэмээр шүү аядаж байгаад л дараа ирээрэй гээд явуулчихсан гэсэн. Уг нь тэдний шүдийг эмчилснийхээ төлөө Эрүүл мэндийн даатгалын сангаас тус эмнэлэг санхүүжилтээ авч л байгаа даа. Нийт хүн амынх нь 70 орчим хувь нь оршин суудаг нийслэлд эмнэлгийн байрны асуудал тулгамдсан асуудлуудын нэг болж хувирсан.

Гэтэл саяхан нээлтээ хийсэн Тусгаар тогтнолын ордонг барихад улсын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулсан атлаа түлэнхийн төвийн нурж унах шахсан байшинг шинээр барихад зориулж улсын төсвөөс ямар нэгэн хөрөнгө төсөвлөөгүй л байдаг. Хонгилд гудас дэвсээд хэвтэж байгаа өвчтөнүүд "томчууд"-д ямар хамаа байх вэ. Тэд төлбөрөө төлөөд л дээд зэрэглэлийн эмнэлгийн үйлчилгээ авчихна шүү дээ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж