Залуу насны эрч хүчийг эх орондоо зориулна

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Залуу насны эрч хүчийг эх орондоо зориулна

Дундговь аймгийн залуучууд Монгол оронд залуучуудын хөдөлгөөн үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг өнгөрсөн амралтын өдөр тэмдэглэлээ. Баярын зочдын дотор 1960, 70-аад оны ХЗЭ-ийн дарга нар тун их баяр баясгалантай харагдана. Нас ахиж цал буурал болсон тэдгээр ахмадууд залуу халуун насаа, залуучуудтай үймж шуугиж, бүтээж байгуулж явсан алтан дурсамжаа хөврүүлцгээх юм.

-1959 онд аймгаасаа арван наймуул атрыг зорьсон бид энэ сайхан баярт уригдсандаа хязгааргүй баярлаж байна. Бид Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйд МХЗЭ-ийн илгээлтээр очиж, атрын шан таталцаж арав гаруй жил ажиллахдаа аймаг, аж ахуйн аварга тариаланчаар шалгарч, сайшаал шагнал хүртэж явсан минь сайхан дурсамж үлдээсэн. Атарт надаас эхлээд бараг нь амьдралын ханиа олж, айл гэр болсон. Би гэхэд ганц модон хайрцагтай ганцаар яваад таван ам бүл ачааны машин дүүрэн хогшилтой нүүж ирснээ санаж байна. Хамгийн гол нь хүнтэй ажиллах, ажлын ачаа даах арга ухаанд суралцсан минь атрын өгөөж юм шүү гэж Дэрэн сумын иргэн, нам, улсын ахмад ажилтан А.Таяа ярьж байна. Баярын хурал дээр Монголын залуучуудын холбооны орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга, аймгийн залуучуудын холбооны  дарга Д.Доржсүрэн хэлэхдээ “Манай залуучуудад шавхагдашгүй их эрч хүч, оюуны асар өндөр чадавх байна. Энэ бүхнийг  зохион байгуулж аймаг, орон нутгийн хөгжилд тэр бүр бүрэн ашиглаж чадахгүй байна. Цаашид аймгийн  удирдлагаас төрийн зарим үүргийг Залуучуудын байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх, бүтээлч томхон ажлыг манай холбоонд даалган хийлгэх, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад Залуучуудыг илгээлтээр гарган ажиллуулах шаардлага тулгарч байна гэлээ. Д.Доржсүрэнгийн энэ саналыг Залуучуудын хөдөлгөөний ахмад, залуу үеийн төлөөллийн олон хүн санал нэгтэй дэмжив. Хулдын Н.Дүүнээ, Цагаандэлгэрийн С.Дашзэгвэ, Говь-Угтаалын Ш.Сампилноров, Сайнцагааны Ц.Жинлэн, Өлзийтийн Х.Бямбаа гээд жар, далаад оны эвлэлийн ажилтнууд залуучуудыг архи, тамхинаас ангид хүмүүжүүлэх, үүний тулд  айл өрх, хамт олон, байгууллага бүр архи, тамхигүй орчинг бий болгох хөдөлгөөн өрнүүлэхийг Залуучуудын бүх шатны байгууллагаас уриалж байлаа. Аймгийн ХЗЭ-ийн хорооны даргаар арваад жил ажилласан ахмад ажилтан С.Үржин “Социализмын үед төсвөөс санхүүжилт авдаггүй цорын ганц олон нийтийн байгууллага нь МХЗЭ байсан юм. Монголын залуучууд өөрсдийн бүтээлч хөдөлмөрөөр байгууллагаа санхүүжүүлж ирсэн нь өнөөдрийн зах зээлийн  энэ зарчим тэр үед зөвхөн эвлэлд байсны баримт юм шүү. Тэгтэл өнөөдөр Залуучуудын байгууллага “Мөнгөгүй” гэж гар хумхин суух нь өөрсдийн арчаагүйг харуулах үзүүлэлт шүү” гэж залуучуудад сургамжиллаа.

Баяраар “Оргилд тэмүүлсэн залуу нас” өдөрлөг, Улсын филармоны  “Баян Монгол” чуулга оролцсон цэнгүүн, дурсамж ярилцлага гээд  ахмад, залуу үеийхний сэтгэлийг дэнслүүлж хөвсөлзүүлсэн олон үйл ажиллагаа болов, Баярын зочид ойн хүндэт медалиар энгэрээ мялааж, үе үеийнхний хөөр баяр бялхсаар байв.

Ой тэмдэглэх зарим үйл ажиллагааг УИХ-ын ги шүүн Х.Наранхүү, Монгнол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Дундговь аймгийн Оюутан залуучуудын  холбооны ерөнхийлөгч Б.Амарсанаа нар ивээн тэтгэснийг энд мэдээлсэн юм.

Залуучуудын хөдөлгөөний 90 жилийн ой ийнхүү залуу үеийнхнийг хийж бүтээх, сурч мэдэх, тэр бүхнийй эх орон, орон нутгийнхаа хөгжилд зориулах их уриа дуудлага болон өндөрлөлөө.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж