Энэ үеэр Гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай цөөн хором ярилцлаа.
-Амстердамаас медаль авсанд, мөн байгууллагаасаа шагнуулсанд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Сэтгэл их өндөр байна. ШШГЕГ-ын хамт олон маань бид хоёрыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархаж байна. Цаашид хамт олныхоо болон Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй улам сайн хичээж барилдан олимпийн оноогоо ахиулах болно.
-Бэлтгэл сургуулилт хэр байна. Одоо ямар тэмцээнд оролцох вэ?
-Монголын жүдочид Солонгосын Чежү хотод болох Дэлхийн цомд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базаагаад явах гэж байна. /Чежүг 50 орчим тамирчин зорьж байгаа бөгөөд өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо/. Үүний дараа Токиогийн “Их дуулга”, Чиндаогийн гранприд зодоглоод ирэх сарын сүүлээр эх орондоо ирэхээр төлөвлөж байгаа.
-Бэртэл гэмтэл эдгэсэн үү?
-Дажгүй сайн байгаа. Бэлтгэлдээ эрчимтэй орчихоод байж байна.
Олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэгийг сэтгэгдлийн сонслоо.
-Баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Баярлалаа. Шагнал авсандаа маш их баяртай байна.
-Голландын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Барилдааныхаа талаар сонирхуулбал?
-Түрүүлэх зорилготой барилдсан. Зорилгодоо хүрч чансааны 200 оноо авсан. Барилдааныхаа үр дүнд сэтгэл хангалуун, баяртай байгаа.
-Чансааны хувьд нэлээд том өөрчлөлт гарсан уу?
-Тийм ээ. Энэ тэмцээний өмнө 15 дугаарт бичигдэж байсан. Харин одоо наймдугаар байрт орж ирлээ.
“Спортын шуудан” сонин