Тегеран дахь Британийн ЭСЯ руу халдав

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Тегеран дахь Британийн ЭСЯ руу халдав

Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, АНУ, Их Британи зэрэг холбоотон орнууд тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсан билээ. Өчигдөр Тегеран дахь Их Британийн элчин сайдын яамны үүдэнд Ираны их сургуулийн хэдэн зуун оюутан  жагсч, бослого гаргасан байна. Цөмийн хөтөлбөрийг нь эсэргүүцэж, Ираныг олон улсад ганцаардуулахыг оролдож буйг эсэргүүцсэн оюутнууд Элчин сайдын яамны байрны цонхыг хагалж, дотогш нэвтрэн эд хогшлыг нь гаргаж хаян, төрийн далбааг нь шатаажээ. Элчин сайдын яаманд нь халдсан хэрэг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероныг ихэд хилэгнүүлсэн гэнэ. Дэвид Кэмерон “Ираны эрх баригчид энэ халдлагын үр дагавар маш ноцтой байж болохыг ойлгож байгаа гэдэгт найдаж байна” гэж мэдэгдэлдээ өгүүлсэн бол Ираны гадаад хэргийн сайд ийм халдлага гарсанд харамслаа илэрхийлжээ. Тегеранд халдлага болсныг сонсоод цочирдсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Зөвтгөх аргагүй ийм  хэргийг үйлдсэн этгээдүүдийг баривчилж, хариуцлага хүлээлгэхийг  Ираны Засгийн газраас хатуу шаардаж байна” гэж мэдэгдэл гаргасан байна. Герман, Франц, Европын холбоо ч мөн дээрх халдлагыг буруутгаж байгаа юм. Тегеран дахь Их Британийн элчин сайдын яаманд гарсан халдлагаас гадна Гулхак дахь дипломат төлөөлөгчийн газарт халджээ. Иранд ажиллаж буй сурвалжлагчдын бичиж буйгаар эсэргүүцлийн хөдөлгөөнийг Тегераны  их сургуулийн улс төрийн бүлэглэл болон исламын семинарын оюутнууд зохион байгуулжээ. Жагсагчид Ираны цөмийн хөтөлбөр дээр ажиллаж байсан эрдэмтнийг хөнөөсөн хэрэгт Их Британийг буруутгасан. Харин  Их Британи үүнийг үндэслэлгүй зүйл гэж үзсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж