Д.Энхсайхан: Сагсан бөмбөгийн хөгжил дунд шатандаа яваа

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Д.Энхсайхан: Сагсан бөмбөгийн хөгжил дунд шатандаа яваа

Монголын сагсан бөмбөгийн спорт сонирхогчдын дунд Жажа хэмээн хүндлэгдсэн шүүгч Д.Энхсайхантай ярилцлаа. Тэрээр 20 жил сагсан бөмбөгийн тэмцээн уралдааныг шүүж буй анхдагч нарын нэг юм. Саяхан түүний нэрэмжит “Холбоодын цом”-ын тэмцээн болж өндөрлөсөн.

-Шүүгчийн замналаа хэрхэн эхлүүлж байсан талаар ярилцлагаа эхэлье?

-1991 оноос Монголын сагсан бөмбөгийн холбоонд шүүгчээр ажиллах болсон. Түүнээс хойш 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд өсвөр үе, залуучууд, насан хүрэгчид гээд улсын чанартай бүхий л тэмцээн уралдааныг тасралтгүй шүүжээ. Харин 1994 оны Монголын сагсан бөмбөгийн лигийн анхдугаар тэмцээнийг шүүснээс хойш өнөөг хүртэл талбай дээр ажиллаж байна даа. Энэ хугацаанд олон шүүгчтэй хамтарчээ. Одоогоор залуучуудтайгаа хамтраад “Спрайт” лигийг шүүж байна.

-Таны үндсэн мэргэжил юу вэ. Яагаад заавал сагсан бөмбөгийн шүүгч болов?

-Ер нь бол гагнуурчин мэргэжилтэй. Цахилгаан болон хийн гагнуурын төрөлжсөн ангийг төгссөн юм. Анх Л.Бадралсайхан гэж хүн намайг сагсан бөмбөгийн шүүгч болох саналыг тавьсан. “Миний дүү сайн шүүгч болж чадна. Шүүгчээр ажиллаад үз” гэсэн. Тэгээд тухайн үеийн дүрэм орос школтой байсан. Дээрээс нь миний ах бас намайг шүүгч болоход нөлөөлсөн дөө. Би ахыгаа дагаж байнга тэмцээн үзнэ. Ахынхаа тоглохыг харах далимдаа давхар шүүгч нарын шүүлтийг судална. Ингэж л шүүгч болсон доо.

-Анх тэмцээн шүүж байхад хүндрэл гарч байв уу?

-Надад нэг их хэцүү байгаагүй ээ. Их гоё байдаг юм.

-Тэмцээн шүүж байхад талбай дээр янз бүрийн л юм тохиолддог. Тоглогчид шүүгч рүү дайрах, хоорондоо маргалдаж зодолдох гэх мэт?

-Тэгэлгүй яах вэ. Шүүгч бол энэ бүхнийг зохицуулж, маргааныг таслан зогсоох үүрэгтэй. Тоглолтын дундуур тоглогчид бие биетэйгээ муудалцах, зодолдох тохиолдол олон гардаг. Тэр бүхний учрыг нь олоод шүүх хэцүү байдаг ч шүүгч гэсэн мэргэжилдээ би дуртай.

-Тэгвэл үүнийг дагаад Монголын шүүгчдийн ур чадвар өндөр байх ёстой. Шүүгчид ур чадварын хэр хөгжиж байна вэ?

-Би бол өндөр л гэж хэлнэ. Хэдийгээр Монголын шүүгчдэд олон улсын тэмцээн уралдаан шүүгээгүй ч түүнийг дэнслэх ур чадвар байгаа гэж боддог. 2005 онд Макаод Ц.Цэвэрбал багшийн оронд семинарт сууж байхдаа тэр тэмцээнийг шүүгч нарыг харсан. Манайхан бол тэдний зэрэгт хүрэх л юм билээ. Нэг үеэ бодвол аль ч оронд очоод тэмцээн шүүх чадвартай болсон. Сайн шүүдэг, мэдрэмжтэй залуучууд бий шүү дээ.

-Шүүгчид тэмцээн дээр янз бүрийн алдаа гаргадаг. Тэгвэл тэмцээний дараа шүүгчид цуглаж алдаа оноогоо хэлэлцдэг үү. Эсвэл тэр чигт нь орхидог уу?

-Том, жижиг ямар ч тэмцээний дараа бид цуглаж алдаа, оноогоо хэлэлцдэг. Ярих ч ёстой. Үүний үр дүнд дараачийн тэмцээнийг шүүхдээ алдаа бага гаргана. Ер нь бол алдаа гаргадаггүй шүүгч гэж хаана ч байхгүй. Бүгд л алддаг. Гол нь түүнийгээ засч залруулдаг байх ёстой. Шүүгч тухайн тэмцээн уралдааныг 70 хувьтай шүүж байвал сайн байна гэж тооцдог. Зөвхөн шүүгч биш ч дасгалжуулагч, тамирчид ч мөн ялгаагүй. Алдаатай шүүлээ ч гэсэн тоглолтын дараа гар бариад л салдаг зарчимтай.

-Гадаадын лигеонер тоглогчид Монголын шүүгч нарын шүүлтэд хэр сэтгэл хангалуун байдаг юм бэ?

-Би тэдний санаа бодлыг мэдэхгүй. Ямар ч уулзаж үзсэн биш. Гэхдээ тэд сэтгэл хангалуун байдаг байх гэж боддог. Яагаад гэвэл Монголын шүүгч нар тэдний ялгаварлаагүй. Гаж шүүлт хийгээгүй. Яг л сагсан бөмбөгийн дүрмийн дагуу л шүүдэг.

-Анхны лигийн талаар бас сонирхуулбал?

-1994 онд анхны лигийг шууд NBA-гийн дүрмээр явуулсан. Тэр үед зооны хамгаалалт гэж байхгүй. Дандаа л нэгийн эсрэг нэг гэсэн хамгаалалттай. Үүнийг зөрчих юм бол шууд хураана. Тэгээд л NBA-гийн дүрмийг судлах гэж нэлээд юм болдог байлаа. Яг дүрмээ судалж байхад хэцүү мөртлөө талбай дээр гараад түүнийгээ хэрэгжүүлэх их сайхан шүү.

-Та Монголын сагсан бөмбөгийн хөгжил дэвшилтэй 20 жил хамт явсан байна. Шүүгчийн зүгээс үзэхэд Монголын сагсан бөмбөгийн хөгжил хаана ямар шатанд яваа бол?

-Дунд шатанд явж байгаа гэж боддог. Мэдээж бид NBA-гийн төвшинд арай хүрээгүй. Гэхдээ энэ цаг үед манай улсад сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж байна. Сагс тоглодоггүй хүн гэж бараг алга. Бүгд л энд тэнд ширэн бөмбөг хөөгөөд л явж байна. Тамирчдын ур чадвар ч өссөн. Мэдээж энэ нь нэг талаараа гадаадын тоглогчид манай улсад ирж тоглож байгаатай холбоотой байх. ОХУ, АНУ-аас мундаг тоглодог залуучууд ирлээ шүү дээ. Тэднээс дутахгүйн тулд Монголын залуус ур чадвараа дээшлүүлж байна. Үүнийхээ хэрээр мэргэжлийн төвшинд тоглодог боллоо. Ямар ч байсан алхам алхмаар Монголын сагсан бөмбөг хөгжиж байна гэж боддог.

Б.Мөнхзул

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж