2011 оны шилдэг Хүний нөөцийн менежер тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

2011 оны шилдэг Хүний нөөцийн менежер тодорлоо

Монголын хүний нөөцийн мэргэшсэн
менежерүүдийн холбоо /МХНММХ/, МҮЭХ хамтран “Оны шилдэг хүний нөөцийн
менежер-2011” ажил мэргэжлийн хоёрдугаар уралдааныг арваннэгдүгээр сарын
24-25-ны өдрүүдэд “Чингис” зочид буудлын хурлын зааланд амжилттай 
зохион байгуулагдлаа. Энэ уралдаан мэргэжлийн эрдэмтэд, хүний нөөцийн
салбарт ажиллаж байгаа менежер, суралцагчдын оюуны мэлмийг мялаасан,
мэргэжлийн баяр болж өндөрлөсөн юм.
 
Уралдаанд “Багануур” ХК, “Макс” групп, “Монгол телевиз” ХХК, “My Great
Palace” ХХК, “Мондулаан трейд” ХХК, “Улуснэт” ХХК, Монгол-Оросын
хамтарсан УБТЗ,  “I and R” ХХК компаниудын хүний нөөцийн менежер есөн
залуу мэргэжлийн ур чадвараа сорьсноос тэргүүн байрт “My Great Palace” 
ХХК-ийн хүний нөөцийн менежер Б.Оюунтуяа, дэд байрт “Макс” группын хүний
нөөцийн менежер С.Отгондулам, гутгаар байрт “Улуснэт” ХХК-ийн хүний
нөөцийн менежер Б.Мөнхбат, тусгай байрт “Улаанбаатар өртөө”-ний хүний
нөөцийн менежер Н.Баттуяа нар тус тус шалгарлаа.

Ажил мэргэжлийн уралдааны эхний өдөр буюу нэгдүгээр үе шатанд оролцогчид
хүний нөөцийн салбарт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажил, хувь
хүний амжилт зэргийг багтаасан илтгэл тавьж, блиц асуултууд, аггон буюу
чөлөөт сэдэв сугалж хариулан өөрсдийн сэтгэлгээний цар хүрээ, хурд,
мэдлэг, ур чадвараа сорьсон бол дараагийн өдөр хоёрдугаар үе шатанд
бодит жишээн дээр ажиллан “Үнэлгээний төв буюу ассесмент центр”-ийн
аргаар багаар ажиллах, шийдвэр гаргах, харилцах, хууль эрх зүйн мэдлэг
зэрэг мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Хүний нөөцийн менежер,
бизнесийн менежмент, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй тэдгээр
залуусын дундаж нас 28 байсан бөгөөд хүний нөөцийн салбарт 3-8 жил
ажилласан туршлагатай мэргэжилтнүүд байсан тул уралдааныг улам
өрсөлдөөнтэй, сонирхолтой болголоо.

Өнгөрсөн жил зохион байгуулсан анхдугаар уралдаан гол төлөв хүний
нөөцийн менежерийн суурь ур чадвар, чиг үүрэг,  үйл ажиллагааг олон
нийтэд таниулахад чиглэж байсан бол энэ жилийн уралдаан байгууллагад
хүний нөөцийн менежерийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх,
ажилтны сургалт ба хөгжлийн талаар мэргэжлийн үйлчилгээг хэрхэн үзүүлэх,
хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг сайжруулахад голлон төвлөрсөн.
Өөрөөр хэлбэл, жил бүрийн ажил мэргэжлийн уралдаан өөр өөр өнгө аястай,
практик ач холбогдолтой, тодорхой асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоо
биелүүллээ.

Уралдааны ерөнхий шүүгчээр МХНХМХ-ны тэргүүн,  МУИС-ийн Худалдааны сургуулийн профессор Ц.Цэцэгмаа ажилласан.

Уг ажил мэргэжлийн уралдааныг дэмжин хамтран ажиллаж буй ерөнхий зохион
байгуулагч МҮЭХ, дэмжигч “АПУ” ХК, “Багануур” ХК, “Да хүрээ трейд” ХХК,
Улсын драмын эрдмийн театр,  Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж  болон
бусад хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагын удирдлага, хамт
олонд МХНММХолбооны зүгээс талархал илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж