ЕБС-ийн багш нар ажил хаяв

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

ЕБС-ийн багш нар ажил хаяв

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар өнөөдөр өглөөний 08.00-10.30 цагийн хооронд ажил хаялт зарлав. Ажил хаялтад хэдэн сургууль нэгдсэн талаарх мэдээлэл одоогоор тодорхой бус байна. Орон нутгийн 95 сургуулиас гадна нийслэлийн бүх сургууль МҮЭХ-нд бүртгэлтэй байдаг бөгөөд тус холбоонд бүртгэлтэй  сургуулиуд бүгд ажил хаялтад оролцоно хэмээн мэдэгдэж байсан юм.

Өнгөрөгч даваа гаригт цэцэрлэгийн багш нар сануулах ажил хаялт зарлаж, 101 цэцэрлэг энэхүү арга хэмжээнд нэгдсэн байгаа. Харин өнөөдөр ЕБС-ийн багш нар ажил хаяж байгаа бол маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нд тэдгээр багш нарын төлөөлөл БСШУ-ы сайд Ё.Отгонбаяртай МҮЭСТО-нд 14.00 цагт уулзахаар товложээ. Хэрэв энэ уулзалтаар ямар нэг шийдвэрт хүрэхгүй бол багш нар ирэх долоо хоногоос хугацаагүйгээр ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм. Тэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн багш нарын цалинг хоёр дахин нэмэх хугацааг урагшлуулж, эхний ээлжинд 2012 оны нэгдүгээр сараас эхлэн цалинг 80 мянган төгрөгөөр, улмаар гуравдугаар сараас 23 хувиар нэмэгдүүлэхийг хүсч байгаа билээ. Монгол Улсад нийт 73 мянга орчим багш нар байдгаас 44 мянга нь ерөнхий боловсролын сургууль, 16 мянга нь сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, үлдсэн нь их, дээд сургуульд багшилдаг юм байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж