Хятадын тэрбумтнаас Исландын засгийн газарт тавьсан санал нь тус улсын газар нутгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний буюу 300 ам километр өргөн газрыг нэг тэрбум крон буюу 8.8 сая ам.доллараар худалдаж авах тухай байсан билээ. Хэдийгээр багагүй найдлага тавьж байсан ч хятадын тэрбумтны саналыг Исландын засгийн газраас буцаасан тухай мэдээлэл гарч эхэлжээ. Исландын Грисстадер Феоллум мужийн нутагт байгалийн аялал жуулчлал, гольфийн салбарын бизнес эрхлэх нэрийн доор дээрхи газрыг худалдаж авахаар оролдсон нь ийнхүү талаар болжээ.
Хятадын тэрбумтанд татгалзах болсон шалтгааны талаар Исландын дотоод хэргийн сайд ярилцлага өгөн тайлбар хийхдээ түүний тавьсан санал нь газрын худалдааны тухай Исландын хууль журманд нийцэхээргүй байснаас болсон гэж тайлбарлажээ. Исландын сайдын хэлснээр бол Хятадын тэрбумтны хувьд Исландад цагаачлан очих, үл хөдлөх хөрөнгө худалдан авах эрх бүрэн нээлттэй боловч харин байгалийн нөөц баялгийг эзэмших гэж байгаа бол хүлээн авах боломжгүй гэж хэлсэн байна.Харин энэ талаар хятад тэрбумтан ярихдаа, “Барууны орнууд Хятадыг илүү нээлттэй бай гэж байнга л шүүмжилдэг ч өөрсдөө худалдааны хаалт саад босгож, Хятадын хөрөнгө оруулагчид болон компаниудаас сэргийлж хаацайлж байх юм” гэжээ.
Исландын эрх баригчид Хятадын тэрбумтны саналын тухайд янз бүрээр хүлээн авч байсан аж. Зарим нь түүний эрхлэх гэж байгаа бизнесийг дагалдаад ажлын байр олноор бий болох зэрэг ашиг тустай гэж үзэж байгаа юм. Харин бусад нь Хятад улс тэрбумтнаараа дамжуулан стратегийн сонирхол татахуйц Хойд туйлын бүсэд хөл тавих алхмаа хийж байна гэж үзээд далайн тээврийн шинэ зам нээгдэж, байгалийн хий болон нефтийн цооногууд олноор бий болсноос туйл орчмын хүлэмжийн байдал өөрчлөгдөж байгаа сөрөг үр дагаварт нэрмээс болно гэж үзэж байгаа гэнэ.
Хятадын тэрбумтан Исландын засгийн газкрын татгалзсан байр суурийг сонссоныхоо дараагаар “Хэрэв бидний хүсэлтэд татгалзана гэдгийг мэдсэн бол ийм их цаг болон мөнгийг алдах учиргүй байсан юм” гэсэн байна. Мөн тэрээр өөрийх нь бизнесийн санал бол цэвэр санхүүгийн үйл ажиллагааны сонирхолд тулгуурлагдсан байсан гэж хэлжээ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин