“Хафингтон пост” хэмээх онлайн сонинд дэлхийн хамгийн “будилаантай” хөшөөнүүдийн тухай бичжээ. Будилаантай гэдэг нь урлагийн бүтээлийн хувьд онцгой сайн болсон ч олон нийтийн таашаалыг хүртэж чадаагүй, эсвэл санаанд оромгүй сонин түүхтэй хөшөөнүүдийг хэлж байгаа хэрэг. Ийм бүтээлүүдийн жагсаалтад манай Улаанбаатарын гудамжинд байх “Битлз” хамтлагийн дурсгалд зориулсан хөшөө багтжээ.
“Улаанбаатарын нийслэлд дүнхийх Чингис хаан, Будда бурхны хөшөөд 2008 онд хачин жигтэй нэгэн “найз”-тай болсон нь домогт “Битлз”-ийн дөрөв байлаа. Улаан тоосгоор гитарын хэлбэрт оруулан туурвисан энэ хөшөөг урласан эзэн нь Барсболдын Дэнзэн. Хөгжмийн ертөнцийн түүхэн домог хамтлагт зориулсан түүний хөшөө нэг талаар өрнийн ардчилсан эрх чөлөөг илтгэдэг. Монгол орон тайван замаар ардчилсан хувьсгалыг хийн шинэ тогтолцоонд шилжин орсон авч ахмад үеийнхэн энэ хөшөөнд төдийлөн таашаалтай ханддаггүй” хэмээн энэхүү сонинд бичсэн байна.
“Будилаантай” хөшөөний жагсаалтад Лондонд байдаг алдарт нохой, Умард Дакоттад байх галзуу морь, Болгарийн нийслэлд сүндэрлэх Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалд зориулсан дайчин эрсийн хөшөө зэрэг олон бүтээлийг дурджээ.
Эх сурвалж:http://www.huffingtonpost.com