“Лондон-2012”-ын тасалбар эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

“Лондон-2012”-ын тасалбар эрэлт ихтэй байна

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадам болон паралимпийн наадмын тасалбарын онлайн бүртгэл эхлээд ердөө нэг сарын хугацаа өнгөрч байхад сая гаруй хүн бүртгүүлж амжжээ. Онлайн бүртгэлд хамрагдсан хүмүүс бүгд тасалбар авах баталгаагүй боловч тэд хамгийн эхний ээлжинд тасалбар хэзээнээс эхлэн ямар байдлаар худалдаалагдаж эхлэх талаар мэдээлэл авах гэнэ. Энэ талаар Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооноос мэдэгдсэн байна.

Олимпийн наадмын тасалбарыг 2011 оны хавар худалдаж эхлэх бөгөөд дэлхийн аль ч өнцөг буланд байсан хамаагүй тасалбарын бүртгэлийн сайтад бүртгүүлэх боломжтой юм. Гэхдээ одоогийн байдлаар бүртгэлд хамрагдсан нийт хүмүүсийн 96 хувь нь Их Британиас, тэдгээрийн гуравны нэг нь Лондонгийн оршин суугч ажээ. Түүнчлэн 400 мянга гаруй нь паралимпийн наадмын тасалбар авахаар бүртгүүлсэн байна.

Дашрамд дурдахад, “Лондон-2012” олимп болон паралимпийн нийт найман сая тасалбар худалдах бөгөөд 75 хувь нь шууд олон нийтэд түгээгдэх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж