Говь-Угтаал сумын малчин, өнгөрсөн цагаан сараар “Улсын сайн малчин” алдар хүртсэн Наваантаяын Жаргалсайхан:
-Манайх өвөлжөөндөө энэ хоёр өрөө сууцыг арван жилийн өмнө барьсан. Энэдээ нэг ч жил өвөлжөөгүй байгаад сая л нүүж ирлээ. Шагнал авахдаа хаа байгаа Цагаандэлгэрийн нутгаас байшиндаа хүрч ирэн гардаж байлаа. Яаж сайд дарга нарыг отрын умгар гэрт угтахав гэсэндээ тэр. Манайх Дорноговь, Төв, Говьсүмбэр аймгийн нутгаар арваад жил нүүсэн. Энэ жил өвөлжөөндөө ирээд хүн мал аль аль нь сэтгэл тэнүүн, тухтай байна гэлээ. Цаг сайхан байхаар хүн малгүй тэнэгэр тэнүүн байх юм даа.
Харин Цагаандэлгэр сумын малчин Цэдэвжавын Пүрэв тав зургаан чингэлэг хөллөсөн тэмээн тэрэгтэйгээр Өндөршил сумын нутаг руу нүүчихэж. Нүүж яваа нь өнөөдөр нүдний гэм болсон аян жин гэлтэй. Цасан далайд нүүгэлтээд эдний нүүдэл тун нүсэр харагдах юм. “Намрын дунд сард уулан дээр гарсан хүмүүс энэ жилийн зудын үүд урдаа гэсэн болохоор эртхэн наашаа гарчихсан юм. Гэтэл энд одоогоор арай цасархуу байна. Манай суманд ч жилийн жилд цас ахиу унадаг болохоор нүүсэн маань алдаагүй болов уу гэж Ц.Пүрэв өгүүллээ.
Хэд хэдээр нь тэмээн тэрэг хөллөөд нүүж яваа эднийх ойр хавийнхны нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэж байна. Дандаа Вонго, Портер ачаалан нүүдэг, “Журд” гэх хужаа мотоцикль хөлөглөсөн малчдын анхааралд эднийх үнэхээр өртжээ. Зуд турхан боллоо гэхэд тэмээ өл даана, баргийн цасанд ажрахгүй, өртөг зардал шаардахгүй. Нээрэн энэ жишгээр малчид маань ердийн хөсгөө ашиглууштай санагдана. Их нөөц юм даа.
Хулд сумын малчин, аймгийн алдарт уяач Б.Содномбаатартай уулзвал “Энэ жил ургац сайн болохоор баргийн цасанд мал ажрахгүй ээ. Манайх бод, богийн алийг ч оторт гаргахгүй ээ” гэж тун маадгар явна.
Аймгийн газар нутгийн тавны нэгийг эзэлсэн өргөн уудам нутагтай Өлзийт суманд очвол Жи-мобайлын сүлжээний нээлт болоод пижигнэж байна. Өмнө нь ганц Юнителийн сүлжээтэйгээс холбоо харилцаа жаахан хүндрэлтэй, малчид төдийлөн гар утасжиж чадаагүй, чадах байлаа ч сүлжээ барьдаггүй байсан эндхийхний ганц нар нь гарч байгаа бололтой. Гар утасны ганцхан оператор ажилладаг хоёр сумын нэгэнд ийм нэгэн “Хувьсгал” хийгдчихлээ. Бусад суманд 2-4 операторын сүлжээ аль эрт очиж хуучны холбооны салбарууд хаалгаа барьжээ.
Тэгээд ч зогсохгүй эндхийн уугуул, Монгол Улсын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн урлагийн нэрт мастер Н.Дагийранзын нэрэмжит Ерөөлч магтаалчдын аймгийн уралдаан явагдаад хөл ихтэй. Бас Дэлхийн банкныхныг тус аймагт ирэхэд соёлын төвийнхөн бүрэн концерт тоглоод “Пургон” машин авах эрхээр шагнуулчихаж. Хэзээ мөдгүй машинаа хүлээж аваад урлагийхантайгаа аймгаа тойрч аялан тоглох гэнэ. Соёлын төвийн эрхлэгч “Шар Хад” гэж инээд алдсан эр тун овсгоотой, хэнээс ч юүг ч салгаж мэдэх, хэнд ч ажил төрлөө ойлгуулчих чадвартай сэргэлэн эр юм. Соёлын дээд сургууль төгссөн түүний жинхэнэ нэр Цогтбаатарын Хадхүү. Урлаг соёлын уралдаан, наадмын тэргүүн байрнаас эднийх салж үзээгүй аж. Ардын авьяастнуудын чадвараас гадна зохион байгуулагчийн авьяас их үүрэгтэй нь мэдээж. Цаг сайхан, малын хар туруу цастай, малчид голчлон нутагтаа болохоор энэ тэр гэж санаа зовох юмгүй, урлаг уран сайхнаар л цэнгэж байх юм даа, хөдөөнийхөн.
Харин хөдөөнөөс аймгийн төв Мандалговьд орж ирэхэд нэг зутруухан юм нь халаалт дулаан түгээлтийн доголдол юм. Халаалт дулаан түгээдэг хоёр компаны нэг болох “Говийн гал” компаны ажилд доголдол гарч оршин суугчдын гомдол, зарга хүчээ авчээ. Тэгэхлээр аймгийн удирдлага уул компанид харьяалагддаг уурын зуухуудыг менежментийн өөр компанид шилжүүлэх шийдвэр гаргалаа. Харин хүлээн авах менежментийн баг хараахан тодроогүй л байна. Өвлийн сар гарчихсан, цочир хүйтэрч байгаа энэ үед авсан арга хэмжээ хэр оновчтой болсныг цаг хугацаа л харуулах хэрэг. Одоохондоо аймгийн Онцгой комиссын гишүүд хоёр, хоёроор өдөр шөнөгүй жижүүрлэн “Гал манаж” байх юм.
Ийнхүү говийн өвөл төв, хөдөөд янз бүрийн өнгө аястай эхэллээ. Өвлийн сар жинхэнээсээ эхлээд тав, зургаа л хонож байна даа. Өвөл, хаврын чилийсэн зургаан сар ард биш урд байна