“Өглөө” кино үнэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

“Өглөө” кино үнэн үү?

Орчин цагийн Монголын түүхэнд нэн чухал үүрэгтэй тэмдэглэлт нэгэн ойг бид нэг сарын дараа тэмдэглэх гэж байна. Энэ бол Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой юм. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай зарлигийг 2008 онд гаргасан. Энэхүү зарлигаар арвантавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр /Үндэсний эрх чөлөөний өдөр/ орон даяар тэмдэглэхээр тусгажээ.

Үүнийг дурсах болсон шалтгаан нь өнгөрсөн бямба гаригт тэмдэглэсэн Улс тунхагласны 87 жилийн ойн өдөр Монголын телевизүүдийн сувгаар гарсан хуучин цагийн үзэл сурталжсан, түүхийг мушгин гуйвуулсан кинонуудаас үүдэлтэй. Монголчуудын хэдэн үеийн тархийг угаасан энэхүү кинонуудаа дахин дахин гаргаж шинэ үеийг тээнэгэлзүүлэх хэрэг байна уу. “Боловсрол” суваг телевизээс явуулсан “Кино” төслийн хүрээнд хийсэн судалгааны “ямар үеийн кино хийхийг илүүд үзэх вэ” гэсэн асуултад Манжийн дарлалын үеийн үнэн түүхийг харуулсан кино үзэх хүсэлтэй хүмүүс олон байсаныг дурдахад илүүдэхгүй. Үнэндээ 1921 оноос өмнөх үеийн кино хуруу даран цөөн. Үзэл сурталын кинонд өгүүлдэгээр бид 1921 онд тусгаар тогтнолоо олсон уу. Аль эсвэл тусгаар тогтнолыг бид 1911 онд олсон уу.

Түүх сөхье.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байжээ. Богд хааны зарлигаар улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд амь биеэ үл хайрлан зүтгэсэн Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан, Чагдаржав зэрэг хүмүүсийг төр, засгийн удирдах дээд албанаа тохоон томилж, өндөр зэрэг, хэргэм, шагнал хүртээжээ.

Харамсалтай нь намаар өвчлөгсөд арванэгдүгээр сарын 26-ныг энэ өдөртэй зориуд хольж солиод байгаа юм. Яагаад гэвэл 1911 онд МАН-ын жогорхой ч бүрэлдээгүй байсан цаг. Тиймээс аугаа ихийн чимэг нь тэдэнд олдохгүй. Тийм болохоор л мэдсэн ч, мэдээгүй юм шиг яриад яваа. Түүхчид ч энэ яриаг нь өөгшүүлэх аястай дуугүй сууцгааж байна. Азаар найруулагч Б.Бадрал зэрэг уран бүтээлчид нийлэн Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат киноны нийгэмлэг байгуулж Монголын түүхийг далд нууцыг ил болгож байна. Төрийн оролцоогүйгээр шүү дээ.

1900-аад оны эхээр ирсэн нэрт монголч эрдэмтэн О.Латтимор “Тэднийг Америкийн индианчуудын хувь заяа хүлээж байлаа” хэмээн тухайн үеийн монголчуудыг тэмдэглэсэн байдаг. Гэхдээ түүний энэ үгийг монголчууд батлаагүй.
Тухайн үеийн Манжийн шинэ засгийн бодлого монголчуудыг цус холилдуулах байдлаар уусган хятаджуулахад чиглэж байсан нь одоо нэгэнт тодорхой болсон. Гэвч 1911 оны аравдугаар сард Учаньд бослого гарч, Манж Чин улсыг эсэргүүцсэн хувьсгал дэгдсэн нь монголчуудад цагийн байдал нааштай эргэх нөхцөлийг бүрдүүлсэн бололтой. Эрх чөлөөгөө энэ л үед олж авсан монголчууд тусгаар тогтнолоо бусад оронд зөвшөөрүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж байсан ч их гүрнүүдийн нөлөөгөөр төдийлөн амжилт олж байсангүй. Тэднээр өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх оролдлогын нэгээхэн хэсэг нь гадаадад өөрийн консулыг ажиллуулах явдал байжээ. Ингэхийн тулд 1912 оны үест Гадаад явдлын яамны сайд Ханддоржийг, 1914 онд Ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг Орос улсад удаа дараа томилон явуулахын хамт Харбин хотод байсан гадаад улсын консулаар дамжуулан, Англи, Франц, АНУ, Япон, Дани, Голланд, Бельги, Австри зэрэг есөн улсын засгийн газарт нот бичиг илгээсэн талаар түүхчид хэлдэг. Үүний дагуу 1913 онд Түвдтэй найрамдлын гэрээ байгуулсныг эс тооцвол бусад нь хариу ирүүлээгүй аж.

Энэ мэтээр 1911 онд тусгаар тогтносон гэдгийг батлах олон баримт жишээ бий. Тэр ч бүү хэл тухайн үед өнөөгийн засаглалынхаа эхлэлийг тавьсан гэж ч хэлж болох аж. 1914 онд капиталист орнуудын жишгийг харгалзан Богд хаанд зөвлөх эрх бүхий, тодорхой шийдвэрийг гаргадаг дээд, доод “танхимтай” хурлыг ч байгуулж байжээ. Улс орныхоо аюулгүй байдлыг хангах байнгын арми хүртэл байгуулсан зэргийг нь бодолцсон ч тэр энэ л өдрийг тусгаар тогтнолоо олсон аж.
1691 онд Халх Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жилийн дараа монголчууд харийн эрхшээлээс гарч, үндэсний тусгаар тогтнол, төр ёсоо дахин сэргээсэнд 1911 оны үндэсний хувьсгалын гол ач холбогдол, түүхэн гавьяа яахын аргагүй мөн. Харин өнөөг хүртэл гаргасаар л буй “Өглөө” кинонд гардаг шиг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд тусгаар тогтнолоо олоогүй юмсанж. Энэ өдрийг Монгол Улс хаант засаглалаас татгалзан, Бүгд найрамдах улс болсноо Үндсэн хуулиараа зарласан өдөр гэж ойлгохыг эрдэмтэд зөвлөж байна.

Тиймээс их мэдэхийн хэлж өгөөгүй зарим зүйлийг чадан ядан хэлэхийг оролдов. Түүхийн үнэнийг засч залруулахын оронд байнга л бэлэнчилж, юм л бол хуучин нийгмийн хатуу үзэл сурталжсан шүүлтүүрийн дор хийсэн кинонуудыг аль болох олон үзүүлэхгүй байвал дээрсэн дээ.

Л.Нарантөгс

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж