Авлигын эсрэг салбар байгууллага байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг салбар байгууллага байгуулна

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагын салбар байгууллагыг Монгол Улсын Их хуралд байгуулж, ажиллахаар нэгдсэнээ өнөөдөр мэдэгдлээ. Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллага нь Канадын Оттова хотноо тус улсын парламент, Дэлхийн банк, Канадын Олон улсын хөгжлийн агентлагийн ивээл дор зохион байгуулагдсан “Авлигатай тэмцэх болон сайн засаглалыг бэхжүүлэх” нь сэдэвт хуралдааны үр дүнд анхлан байгуулагдаж, дэлхийн 90 гаруй орныг төлөөлсөн 900 гаруй парламентч гишүүдээс бүрдсэн, авлигын эсрэг тэмцэх зорилготой сүлжээ байгууллага юм байна.

Тиймээс дээрх гишүүд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж. Үүнд, Мэдээллийн ил тод байдал болон сонирхлын зөрчлийг хязгаарлах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, Мөнгө угаах болон авлигын гэмт хэргийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. Мөн Авлигын эсрэг олон улсын конвенци болон дотоодын хууль тогтоомжын хэрэгжилтэд хяналт тавих. Парламентын ёс зүйг сайжруулах, парламентын хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ажээ.

Үүнтэй холбоотойгоор тэд ирэх сарын эхний хагаст УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Нээлттэй сонсголыг төрийн өндөр дээд албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлэг, түүний хяналт шинжилгээ хариуцлагын асуудал сэдвээр зохион байгуулах гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж